Олон улсын “Standard &Poor’s” шинжилгээний агентлагаас дэлхийн улс орнуудын ард иргэдийн санхүүгийн мэдлэгийн ээлжит чансаагаа гаргалаа. Энэхүү чансааг тухайн улсын иргэдэд инфляц, мөнгөний хүү зэрэг санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх талаар бодлого бодуулж гаргадаг байна.
Энэ жил 140 улсын 15-аас дээш насны, зориудаар сонгоогүй 150 мянган иргэнийг судалгаанд хамруулж, улс эх орныхоо нэрийг хамгаалах “боломж” олгожээ.
Монгол Улс иргэдийн санхүүгийн мэдлэгээр Төв Азид тэргүүн байр, дэлхийд 43 дугаар байр эзэлсэн байна. Манай улсын ард иргэдийн 41 хувь нь санхүүгийн өргөн мэдлэгтэй хэмээн гарсан бол ОХУ-ын иргэдийн 38 хувь нь л асуултад зөв хариулж, 55 дугаар байрт оржээ.
Чансааг Дани, Норвеги, Швед улсууд тэргүүлсэн бөгөөд иргэдийнх нь 71 хувь нь санхүүгийн мэдлэгтэйд тооцогджээ. Санхүү, эдийн засгийн мэдлэг хамгийн муу улс орнууд Өмнөд Азид байгаа нь “илэрсэн” бол Афганистан, Анголд ард түмний 14 хувь нь л санхүү ойлгож байжээ.
М.СУГАР-ЭРДЭНЭ