Эдийн засгийн хямрал нүүрлэж, ажилтан, албан хаагчдаа цомхотгох байгууллагууд олширсон энэ үед Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс “Мэргэжилтэй ажилтан-Монголын баялаг” өдөрлөг өчигдөр зохион байгуулсан юм.
Ажилтан болсны давуу талыг сурталчлах, ахмад мэргэжилтнээс туршлага судлах, мэргэжлээрээ бахархах, тогтвортой ажлын байранд зуучлах зорилготой энэхүү өдөрлөгт Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийн төгсөх ангийн 150 гаруй оюутан оролцов.
Цахилгаан хэрэгслийн засварчин, техникч, механикч мэргэжилтэй болж буй тэдгээр оюутан энэ үеэр ажлын ярилцлагад хэрхэн орох, ур чадвараа яаж сайжруулах тухай мэдээлэл авч, сонирхсон ажилдаа шалгуулахаар ажил олгогч байгууллагуудад бүртгүүлж байлаа.
Тус дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Уугансувд “Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна.
Нийт 32 байгууллага оролцож, манайд бүртгэлтэй 200 гаруй аж ахуйн нэгжийн 700 орчим ажлын байрыг хүүхдүүдэд танилцуулж, санал болгохоор ирлээ. Манай дүүрэгт МСҮТ тав бий. Жилд 2-3 удаа ажилд зуучлах өдөрлөг зохион байгуулдаг. Энэ жил манай Хөдөлмөрийн хэлтэст хандсан 2600 гаруй хүн ажилтай болсон” гэв.
Мөн дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсон залуусын төлөөлөл ирж, мэргэжилдээ сайн байвал ямар ч амжилт гаргаж чадахыг онцолж, оюутнуудын сонирхсон асуултад хариулсан юм. Тэдний нэг Х.Лхагва “Дэлхийн ур чадварын тэмцээнд “Cnc turning” буюу бүрэн автомат токарийн суурь машины төрөлд оролцсон. Хүүхдүүд энэ тэмцээний тухай тийм ч сайн мэддэггүй.
Хэрэв энэ тэмцээнийг мэддэг болбол хичээлдээ илүү чармайж, олон сайн мэргэжилтэн бий болох байх. Тэмцээний талаар хүүхдүүдэд ярихад их сонирхож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Цахилгаанчин, мужаан, токарьчин зэрэг ажлын байрны орон тоо их байдаг ч энэ төрлийн мэргэжил эзэмшсэн хүн цөөхөн тухай ажилд зуучлах байгууллагынхан онцлов.
Э.НАМУУН