Арваннэгдүгээр сарын 21
- Григорийн тооллын жилийн 325 дахь өдөр. Хуучин оноо үдэхэд ердөө 40 хоног үлдлээ.
- Хүйтний эрч чангарч байгаа тул дулаан хувцаслаарай. Учир нь өдөртөө -16 градусын хүйтэн байх бол шөнөдөө -25 хэмийн хүйтэн байна.
- Билгийн тооллын 10, могойг хүлэгч одтой, цагаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал эрч хүч ихсэх сайн өдөр гэнэ. Эл өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандах нь зүйтэй гэнэ. Ялангуяа найр хурим хийх, бэр гуйх, гэрээ хэлцэл хийхдээ болгоомжтой хандаарай.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1992.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад юань 313.00 төгрөг, рубль 31.00 төгрөг, вон 1.7. төгрөг болж өсчээ.
- 15.00 "Вүүди, Жесси хоёр гайхамшигт циркээр аялсан нь" циркийн шилдэг үзүүлбэрийг нэгтгэсэн тоглолт Монголын үндэсний циркт болно.
- 19:00 цагт: "MONGOLIAN COVER" фэйсбүүк группээс залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой зохион байгуулан хүргэдэг Шинэ Үеийн дуучдын Cover Night болох гэнэ.
- Баллет, сонгодог урлагт дуртай хүн бүхэн анхаарлаа хандуулаарай. Дэлхийн гайхамшигт баллетын жүжиг болох П.И Чайковский “Франческа да римини”, Х.Вера “Диваажин энд байна” баллет 17:00 цагт УДБЭТ-т тоглогдох гэж байна.
- Морин төвөргөөн, монгол эрийн хийморь, тал нутгийн салхи гээд сайхан бүхнийг мэдрүүлсэн бүжиг болох “жалам хар” бүжгээр “Хүннү молл”-д 14.00 цагаас 1000 гаруй залуус флашмоб хийх гэнэ.
- “Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын менежментэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол, практикийн хурал 9.00 цагт Төрийн ордны “Б” танхимд болно.
- "Бид Баянголчууд" урлагийн их наадмын гала тоглолт 12.00 цагаас Улаанбаатар паласт эхэлж, оны ялагчдаа тодруулна.
- “Нэг цэцэг, нэг амьдрал” Амьд хөгжмийн Cover Night Embassy Restaurant-д 18.00 цагт болно.
- Иргэн Д.Баттуул 12.00 цагаас тэнгис кино тeaтрын урд талбайд тайван замаар жагсаал хийх уриалга гаргасан байна. Тэрээр “Бид одоо үр хойчийнхоо төлөө Монголын төлөө нэгдэх хэрэгтэй. Хожим хүүхэд тань ааваа ээжээ та яагаад миний ирээдүйн төлөө улсаа хамгаалаагүйн бэ гэж асуулахгүй төлөө. Бахархах зүйлтэй ард түмэн байхын төлөө нэгдэе” гэсэн юм.
- 10.00 цагт МҮЭСТО-д Телевизийн мэргэжлийн зураглаач нарын АНХДУГААР ЧУУЛГАН болно.
- 10.00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын байранд оюунлаг иргэнтэй дүүргийн төлөө иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор иргэдийн дунд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргын нэрэмжит сонирхогчдын шатрын тэмцээн зохион байгуулагдах аж.
- Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулж буй спортын тэмцээний нээлт 11.00 цагт Батлан хамгаалахын яамны ард байрлах "Алдар" спорт хорооны зааланд болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол “World Hello day” буюу Дэлхийн мэнд мэдэх өдөр юм. Энэ өдрийг 1973 оны Араб, Израил улсын дайнаас хойш тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж. Мөн эл өдөр нэг хүн хамгийн багадаа 10-аас доошгүй хүнтэй мэндлэх ёстой гэнэ.
- Мөн өнөөдөр бол Дэлхийн телевизийн өдөр гэнэ. 1996 оноос хойш жил бүрийн энэ өдрийг дэлхийн телевизийн өдөр болгон тэмдэглэдэг болсон. Ийм өдрийг тэмдэглэхийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж шийдсэн байна.
- 2012 онд Израилын Тэл-Авив хотын автобусанд бөмбөг хаяснаас болж 28 гаруй хүн шархдаж байжээ.
- 2002 онд НАТО Словен, Бүгд Найрамдах Болгар улс тэргүүтэй долоон улсыг гишүүн болгох санал тавьж байжээ.