Хотын иргэдийг дулаан өвөлжихөд хүндрэл учруулж болзошгүй Ус дулаан дамжуулах төв, цэцэрлэгүүдийн инженерийн шугам сүлжээний тухай нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу холбогдох ажлын хэсэг хэд хэдэн объектыг газар дээр нь очиж шалгасан байна. Тухайлбал, Баянгол дүүргийн VI хороонд байрлах Ус дулаан дамжуулах 113 дугаар төвийн халаалтын цогц төхөөрөмжийн бойлерыг 2003 онд шинэчилж, 2013 онд зассан боловч өнөө жил асуудал үүсгэж мэдэхээр болсон аж. Тус төхөөрөмжийн халаалтын ялтсан бойлер задардаггүй учраас бохирдол ихтэй хоёрдугаар хэлхээний даралтыг 1.5 ата-гаар унагаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор 113 дугаар төвөөс дулаанаар хангагддаг 14 байр, есөн аж ахуй нэгжээс гомдол их ирэх болжээ. Мөн тус хороонд байрлах Ус дулаан дамжуулах 114 дүгээр төвийн халаалтын цогц төхөөрөмжид яг ийм асуудал үүссэээс болоод 21 байр, зургаан аж ахуйн нэгжийн халаалт доголджээ. Цаашид үүнээс ч илүү хүндрэл бий болж болзошгүй байгааг хуралдаанд танилцуулав.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 41, 107, Хан-Уулын 53, 65 дугаар цэцэрлэгийн гадна болон доторх инженерийн шугам сүлжээг хугацаа алдалгүй засах шаардлагатай байгааг ч удирдлагын зөвлөлийн гишүүдийн сонорт хүргэлээ. Ингэснээр дээрх шугам сүлжээг засахад шаардлагатай 57.4 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар тус зөвлөл шийдвэрлэв.