Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутагт ураны хайгуул хийж байсан “Нуклер энержи Монголиа” ХХК-ийн үйл ажиллагааг шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэжээ. 2009 оноос эхлэн Азарга багийн нутаг Шаргачны голд ураны хайгуул хийсэн тус компанийн буруугаас болж тэндхийн ус бохирдон, түүгээр ч зогсохгүй хонь, ямаанаас нь гаж хөгжилтэй төл гарах болсныг холбогдох байгууллагууд тогтоосон аж. Тиймээс нутгийн иргэдийн эсэргүүцлийн дагуу 2011 онд “Нуклер энержи Монголиа” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож байжээ. Улмаар өнгөрсөн жил сум, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор мөн тэдний үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй гэснийг компанийн удирдлагууд эсэргүүцэн Архангайн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Жил гаруй сунжирсан шүүх хурал саяхан болж, “Нуклер энержи Монголиа” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгосон байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 69.2 дахь хэсгийг үндэслэн, шүүгчид сум, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгох гэсэн дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд Өндөр-Улаан сумын Азарга багийнхан ихэд баяртай байгаа гэнэ. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаагүй учраас хэдэн жилийн турш сэтгэлийг нь зовоосон ураны асуудал дахин сөхөгдөхгүй болов уу хэмээн тэд найдаж буй гэсэн.