“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн ерөнхий чиг хандлагын баримт бичиг”-т Улаанбаатар хотыг найман дэд төвтэй болгон хөгжүүлэхээр заасан. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Сонгинохайрхан дүүргийн 7-11, 24, 28 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 318.2 га талбайд Баянхошуу дэд төвийн төлөвлөлт хийж буй юм байна. Харин Сэлбэ дэд төв нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэйн 14, 18 дугаар хорооны нийт 158 га талбайг хамарч байгаа аж. Баянхошуу, Сэлбэ дэд төвийг хөгжүүлснээр 400 мянган иргэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжтой аж. Дэд төвүүдэд хүүхдийн парк, ногоон байгууламж, цэцэрлэг, сургууль, соёл амралтын төв, спорт цогцолбор, ахмадын болон эмэгтэйчүүд, залуучуудын клуб, соёлын төв гээд олон байгууламж байхаар төлөвлөжээ. Гэхдээ Баянхошуу дэд төвийн бүсийг худалдаа үйлчилгээний чиглэлээр түлхүү хөгжүүлж, үйлчлүүлэгч, олон нийтийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх тав тухтай орчин бүрдүүлж, төр, захиргааны барилга байгууламж ч байршуулахаар тооцсон гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат танилцуулав.