Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Биокомбинат, Туул-Шувуун фабрик орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав. Биокомбинат, Туул-Шувуун фабрик нь нийт 3210 га газрыг хамардаг. Эндхийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд Малын эмийн үйлдвэр, Био технологи, Амралт сувилал, Гахай, загас, шувууны эрчимжүүлсэн аж ахуй, Хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны үйлдвэрлэл, Аялал жуулчлалыг хөгжлийн тэргүүлэх чиглэлд тусгажээ.
Нисэх, Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг хийхдээ төлөвлөлт, судалгааны есөн бүс болгож, тус бүр нь өөрийн гэсэн онцлогтой байхаар тооцжээ. Нисэх, Яармаг орчим нь Хан-Уул дүүргийн 4-10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун өмнөд бүсэд нийт 4400 га талбайг хамарна. Тус байршил нь 15739 өрхийн 62661 хүн амтай бөгөөд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 2020 он хүртэл 145.300, 2030 онд 178.400 хүн амтай болохоор төлөвлөжээ. Мөн Нисэх, Яармаг орчимд 49600 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөж байгаа аж. Эндхийн соёл-олон нийтийн газар, худалдаа үйлчилгээ, биеийн тамир спортын төв нь “Буянт Ухаа-Улаанбаатар”-ыг холбосон гол замын дагуу байрлах тул архитектур, орон зайн зохиомж, төлөвлөлтийн хувьд оновчтойгоос гадна босоо тэнхлэгийн хурдны зам, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын гол гудамж замууд дайран өнгөрөх тул эдгээр нь тухайн бүс нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ хэмээн найдаж буй гэнэ.