Санаанд оромгүй гэнэтийн, бас цочирдмоор үйл явдал өрнөсөн энэ арваннэгдүгээр сар эргэлзээтэй олон асуудлыг нийгэмд үлдээгээд байна. Эрдэнэт хүн энэ биеэ шатааснаас эхлээд ар араасаа өрнөсөн эрх мэдэлтнүүдийн баривчилгаа,
С.Зоригийн гэх хэргийн сэжүүр гэсэн үйл явдлын өрнөл Монголын нийгмийг тийм гэхийн аргагүй айдас, болгоомжлол, хардлага сэрдлэгээр хучив. Эх орончдын эмгэнэлт түүхийн сургамжийг сануулан, гүтгэгдэж, хэлмэгдэх гэж буйгаа хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр яаран сандран зарласан улстөрч эрхмийн анхааруулга гээд энэ бүхэн Монголын нийгэм, улс төрд цөвүүн цаг ирснийг сануулах мэт.
17 жилийн өмнө ардчилын алтан хараацай С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн үед л ийм нэг айдас, болгоомжлол, хардлага сэрдлэг бий болж байсан сан. Тэр үед мөн л өнөөдрийнх шиг улс төрийн бүлэглэлүүдийн засгийн эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж, Эгийн голын цахилгаан станцын гэх 300 мянган ам.долларын төлөө эрх баригчид нь тэмцэлдэж, ил далдаар бие биенээ буруутгаж байлаа.
Үүний “үр дүнд” Монголын ард түмэн ардчиллын нэгэн удирдагчаа цаг бусаар алдаж, УИХ-ын эрхэм гишүүд дундаас хэд хэдэн хүн авлига, хээл хахууль, ашиг сонирхол, албан тушаалын хэргээр дээлээ нөмрөн аавын хаалга татаж байсан гашуун түүх бий. Харин одоо юу болоод байна вэ?
Өрнөж буй үйл явдал, ялангуяа төмөр замын төслийн санхүүжилтээс 42 сая ам.доллар завшсан байж магадгүй гэх хэрэг яагаад ингэж улс төр, нийгмийг хамарсан талцал, хямрал, айдсын үүдийг нээв.
Энэ хэрэгт нийгмийн анхаарлыг хандуулж, улстөржүүлэх ямар шаардлага байна вэ? Гэм буруутай, эсвэл гэм буруугүйг хууль хяналтынхан шалгаж тогтоогоод үнэн худлыг дэнслэхийн хооронд хамаг байдгаа хэвлэлээр дэлгэн олон нийтэд эерэг, сөрөг мэдээлэл цацаж, хууль тогтоох дээд байгууллагаар хэлэлцэх хүртлээ өндөр авсан энэ хэргийн цаана юу нуугдаж байна вэ? Энэ мэтчлэн олон хардлага, таамгийг өөрийн эрхгүй төрүүлж буй “Төмөр замын” гэх уг хэргийн цаана Монголын улс төрд бугшсан олон ээдрээ, цаашид үүсэж болох “айдас”-ын учиг нуугдаж байгаа юм биш биз!
Монгол Улсын Үндсэн хуулиар хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй. Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй хэргийн цаана дарга, цэрэг, улстөрч, жирийн иргэн, эх оронч, эсвэл амин хувиа хичээсэн хэн нэгэн байхаас үл хамааран гэм буруутай эсэхээ адил тэгш шалгаж, тогтоолгох эрхтэй, бас үүрэгтэй.

Гэтэл өдгөө Монголд улстөрчдийн холбогдсон хэргийг хэн нэгний захиалга, өшөө авалттай холбон, улстөрчдийн зөвшилцөл, хуйвалдаан, шантааж, тохиролцоогоор бүр УИХ дээр шийддэг жишиг тогтлоо. Үүнийг хэдхэн хоногийн өмнө өрнөсөн үйл явдлаас харж болно.
УИХ бол шалгагдаж буй хэн нэгний хэргийг хэлэлцдэг байгууллага биш. Тэд зөвхөн санаачилсан хуулиа хэлэлцэж, хэрэгжилтэд нь хяналт тавих л үндсэн үүрэгтэй. УИХ-ын нэг функц болсон Намын бүлгээр хэлэлцэх нь байтугай цагдаа, мөрдөн байцаах байгууллагаас хэргийн талаар мэдээлэл авах ч эрхгүй.
Гэтэл Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг төмөр замын хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас барьж, хорьсны маргааш нь шахам УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж зөвхөн энэ асуудлыг хэлэлцэж байсныг уншигчид санаж буй байх. Тэр хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн баруун гар гэгддэг Б.Батзаяаг барьж хорьсных нь төлөө Засгийн газрын тэргүүнийг огцруулна хэмээн сүрдүүлсэн.
Монголын төр АН-ын хэдхэн фракц, бүлэглэлийн нөлөөнд бүрэн автаж, гүйцэтгэх засаглалаа тоглоомын байгууллага болгохыг оролдсон нь эмгэнэлтэй юм. Энэ бүлэглэл, фракц хоорондынх нь зодооноос болж, Монголд уул уурхай, бүтээн байгуулалтын салбарт гацаа үүсэж, улс орны эдийн засагт эргэлдэх ёстой мөнгө хэдхэн хүний хоорондох тохиролцооны хэрэгсэл болоод байгаа.
Өдөр тутмын сонинуудад энэ хэрэгтэй холбоотой дугаар алгасалгүй гарч буй баримт, нотолгоо бүгдээрээ хэн нэгний захиалга, эсвэл хэн нэг эх орончийг авлах гэсэн хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр биш байх. Хөдөлшгүй баримт, нотолгоотой болсон болоод л нөлөө бүхий улстөрчийн “баруун гар”-ыг барьж хорьж, шалгаж буй гэдэгт цагдаагийнханд итгэхээс аргагүй.
Батзаяа нарын хэрэг ганц түүгээр зогсохгүй УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, УИХ-ын гишүүн Х.Баттулгаар үргэлжилж, холбогдуулан шалгана гэдэг нь бараг тодорхой болсон. Хэдхэн хүнтэй холбоотой асуудлаас болж нийгмээрээ талцаж, эх оронч, хэлмэгдүүлэгчээрээ хуваагдахаа одоо болимоор байна.
Гэмт хэрэгт холбогдон шалгуулж, гэм буруутай эсэхээ хуулийн дагуу жирийн иргэний ёсоор тогтоолгож байсан улстөрчдийн сайн жишиг нэг биш бий. Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн байхдаа бүрэн эрхээсээ зоригтойгоор татгалзан, шалгуулж нэр төрөө хадгалж, хамгаалж үлдэж чадсан анхны улстөрч байв. Харин хамгийн сүүлийн жишээ бол Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба.
Тэрбээр Б.Батзаяагаас хэдхэн хоногийн дараа авлигын хэргээр баривчлагдаж, сайдын албан тушаалаасаа огцорч, АТГ-т хуулийн дагуу шалгуулахаа мэдэгдсэн. МАХН л асуудлыг улстөржүүлж, намынхаа нэр хүндийг хамгаалахыг оролдож буйгаас биш “Үнэн мөн нь олдоно” гэдэгт итгэж буйгаа хэлснээс өөрөөр тэрбээр асуудлыг хурцатгаж, нийгмийг талцуулаагүй.
Гэтэл Батзаяагийн хэрэг УИХ, Засгийн газрын хэмжээнд яригдаж, зарим нэг улстөрчийг байж ядтал бачууруулж байгаагийн цаана 42 сая ам.доллараас өөр “мега хэргүүд” сөхөгдөнө гэсэн хардлага ч улс төрийнхөн дунд яригдаж байна. Тиймээс нэгэнт сэжүүрээс атгасан энэ хэргийг улс төрийн шахалт, зарим нэгний хийрхэл, олон нийтийн талцалд үл автан эцсийг нь хүртэл шалгаж, тогтоох л үлдэж буй юм.
Магадгүй энэ хэргийг хэрхэн шийдэхээс Монголын цагдаа, хууль хүчний байгууллага, шүүх эрх мэдэлд хандах ард түмний итгэл шууд шалтгаална. Цаашлаад улс төрийн нам дахь фракцууд нь мафийн бүлэглэлүүдээс дутахааргүй зохион байгуулалтад орж, төр засгийн бодлого, хууль хүчний байгууллагад ил далд, улайм цайм шахалт, дарамт үзүүлдэг болсон улс төрийн энэ эгзэгтэй цаг үед Монголд төр нь төр шиг үлдэх үү, мафийг мандан бадраах уу гэдэг сонголтыг тулгаж байж ч мэднэ.
Монголын төр, засаг сүүлийн хоёр жилд үнэхээр утга учраа алдаад байгаа. УИХ нь Засгийн газрынхаа ажилд шууд оролцож, ажлын хэсэг нэрээр ажилд нь хөндлөнгөөс нөлөөлдөг болов. УИХ-ын 76 гишүүн бүр сайд болж заавар зөвлөгөө, тушаал захирамж өгч ажилд нь шууд оролцох байдал хэрээс хэтэрлээ.
Үүний уршгаар улс орны нийгэм, эдийн засаг дээд цэгтээ тултал хямарч, ажилтай, орлоготой өрх гэрийн тоо өдрөөс өдөрт багассаар байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ ямар сайндаа хамт олноо ажилтай, цалинтай үлдээхийн төлөө өөрийгөө шатааж байх билээ дээ.
Төрийн эрхэнд гарч улс орныг удирдаж буй улстөрчид хүлээцтэй, тэвчээртэй ард түмнээ ингэтэл нь хямрааж, бухимдуулж, талцуулж хувааж асуудлыг хурцатгах нь хэнд ашигтай юм бэ? Ийм ардчилал, ийм төр засгийг бид хүсээ ч үгүй, төсөөлөө ч үгүй.
УИХ мега төслүүдийг тодорхой шийдэлгүйгээр гацаасаар байгаа. Энэ нь бүүр том “мега айдас”-уудыг бий болгосоор байна. Үндэсний аюулгүй байдал, улс орны эрх ашиг гэх том бамбайгаар хамгаалалт хийж мега төслүүдийг барьцаалж ашиг сонирхлоо тулгадаг нэр бүхий улстөрчид Монголыг удирдах биш мафижуулаад байна гэж болно.
Монголыг хэдхэн улстөрч, хэдхэн бүлэглэлийн мэдэлд оруулах гэж иргэд ардчиллыг, АН-ыг сонгоогүй шүү. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л тайван сайхан амьдрах эрхтэй монголчууд АН дахь фракц, бүлэглэлүүдийн эрх мэдэл, мөнгөний төлөөх зодоонд хямарч, туйлдаж гүйцлээ, Ерөнхийлөгч өө. Ард түмэн чинь цаашид хэнд итгэж, юунд найдаж амьдрах вэ? Монголд фракц, бүлэглэлийн мафижсан төр биш, төр шиг төрийн зангараг, төрийн хүний ноён нуруу хэрэгтэй байна.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ