Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, жижиг, дунд үйлдвэрлэлийн “Дэвшил холбоо” хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа өнгөрсөн амралтын өдрүүдэд“МИШЭЭЛ ЭКСПО” төвд болсон билээ. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилготой уг үзэсгэлэнд Улаанбаатар хотын 140 гаруй байгууллага оролцсон юм. Тэднээс дараах шилдэг есөн аж ахуй нэгжийг шалгаруулж, “Хангарьд” өргөмжлөл өчигдөр гардуулав.
- Нийслэлийн бэлгэдэл бүтээгдэхүүн – “Эрийн гурван наадам” ХХК-ийн “Хангардийн бэлгэдэл бүхий нум сум”
- Улаанбаатар хотын брэнд бүтээгдэхүүн – “Энхжин сувинер” ХХК-ийн “Монголын нэг өдөр коллекци”
- Эрүүл мэндийн шилдэг бүтээгдэхүүн – “Юнисол ван” ХХК-ийн “Франкфуртер” буюу BBQ тахиа, гахай, үхрийн махан зайдсууд
- Экологид ээлтэй бүтээгдэхүүн – “Ирвэс интертрейд” ХХК-ийн компост эмийн бүтээгдэхүүн. Энэхүү бүтээгдэхүүн нь органик хог хаягдлыг дахин боловсруулж, компост бэлтгэх, хотын цэвэрлэх байгууламжуудын хаягдлыг ариутгаж дахин боловсруулахад ашигладаг эмийн технологи юм.
- Импортыг орлох бүтээгдэхүүн – “Ивентус” ХХК-ийн “A plus” бүтээгдэхүүн
- Дэвшилт технологитой бүтээгдэхүүн – “Гурван сайхан хайрхан” ХХК-ийн үндэсний хувцасны хослол
- Экспортыг дэмжих бүтээгдэхүүн – “Их Шанью” ХХК-ийн “Mette кашмер”
- Шинэлэг сав, баглаа боодолтой бүтээгдэхүүн – “Бишрэлт хийц” ХХК-ийн бариултай соронзтой сав, баглаа боодолтой арьс ширэн бүтээгдэхүүн
- Стандартад нийцсэн бүтээгдэхүүн – “Аяс кашмер” ХХК-ийн сарлагийн хөөвөр болон ноолууран бүтээгдэхүүн