Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд ахуйн гал түймрийн дуудлага ихэсчээ. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Г.Сэдэдсүрэнгээс тодрууллаа.
-Өчигдөр (уржигдар) танайх гал түймрийн хэчнээн дуудлагатай өнжив?
-Нийслэлийн Онцгой байдлын газар 19 дуудлага хүлээн авсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт. 2015 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар гал түймэр нийслэлд 3200 гаруй удаа гарч, 30 хүн амиа алдаж, 28 хүн түлэгдсэн. Нас барсан хүмүүсийн ес нь хүүхэд. Харин улсын хэмжээнд ахуйн гал түймрийн улмаас 50 хүн нас барсан.
-Гал түймрийн дуудлага өнгөрсөн оныхоос нэмэгдсэн шалтгаан нь юу вэ?
-Бага насны хүүхдийг гэрт нь хараа хяналтгүй үлдээснээс өөрсдөө гал түлэх гэж оролдож, үүнээсээ болж гал алдах нь их байна. Мөн гэмтэлтэй зууханд гал түлэх, яндангийн дулаалгаа буруу хийх, амархан шатдаг материалаар дулаалах, яндангаа байшингийн дээврээс 0.5 метр өндөр байрлуулах ёстой байтал үүнээс богино гаргаснаас гал гарч байна. Түүнчлэн цахилгаанаа мэргэжлийн хүнээр холбуулаагүй, түлш хэтрүүлэн хэрэглэсэн, үнс нурмаа ил задгай хаяснаас гал гарах нөхцөл бүрдүүлж байна.
-Хэрхэн сэргийлэх талаар зөвлөхгүй юү?
-Гэр хорооллын айлуудад гал түймэр гарах нь их байна. Тиймээс зуух, пийшингийн янданг байшингийн дээврээс 50 см өндөрт, 20-25 см радиус бүхий төмрөөр тааз, тоононд бэхлэх ёстой. Гөлмөн төмөр хадаж, цог, оч, модон шалан дээр унахаас болон залгууруудад гурав ба түүнээс дээш цахилгаан хэрэгсэл залгахаас сэргийлэх хэрэгтэй.
Ч.ТУЯА