Металл хайгч ашиглан хууль бусаар алт хайх, олборлохыг Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хориглолоо. Тус аймгийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газруудаас иргэд ямар ч зөвшөөрөлгүйгээр алт эрэн хайж, олборлосны улмаас багагүй хэсэг нь эвдэрч сүйдээд буй аж. Экологийн тэнцвэр нь алдагдаж, эвдэрч сүйдсэн газрын хэмжээ 100 гаруй га-д хүрчээ. Үүний 33.3 га-д нь экологи-эдийн засгийн үнэлгээ хийлгэхээр тендер зарлан, Улаанбаатар хотын “Шүрэн заяа” компанийг шалгаруулсан байна.
Тиймээс Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид гар аргаар алт олборлогчдын гол “зэвсэг” болсон металл хайгчийг ашиглахыг хориглосон тогтоол гаргасан аж. Уг тогтоолыг зөрчсөн иргэдээр байгаль орчинд учруулсан хохирлыг нь төлүүлэх юм байна. Ингэхдээ экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нугалж төлүүлэх аж.