Шувуу, гахай, тэмээнээс амьсгалын замаар дамжин хүнд өвчин халддаг болоод байгаа өнөө цагт бас нэг түгшүүрт мэдээ дуулдлаа. АНУ-ын Хойд Каролинагийн их сургуулийн судлаачид сарьсан багваахайнаас агаар, дуслын замаар дамжин хүнд халдварлах боломжтой вирус илрүүлсэн байна. Энэ нь амьсгалын замын цочмог халтай хам шинж өвчин үүсгэгч коронавирустэй төстэй аж. Сарьсан багваахайнуудын дунд 5000 орчим коронавирус “эргэлдэн” өвчлүүлж байдаг агаад зарим нь ямар нэг хувиралд орохгүйгээр шууд хүнд халдварлах чадвартай юм байна. “Хятадын сарьсан багваахайнуудаас ийм вирус хүнд халдаж, амьсгалын цочмог халтай хам шинж өвчин дахин гарч болзошгүй” гэж тэдгээр судлаач анхааруулсныг www.thestandard.com.hk уламжиллаа. Учир нь Хятадын сарьсан багваахайнууд коронавирусийн нэг төрөл болох SHC014-CoV тээж явааг тогтоожээ. Уг вирус сарьсан багваахайнаас хүнд халдварладаг болохыг дээрх судлаачид нотолсон байна. SHC014-CoV нь хүний уушгины эсэд амьсгалын цочмог халтай хам шинж шиг маш сайн үржих чадвартай аж. Хүнд энэ вирус халдвал өвчин богино хугацаанд олон хүнд тархах эрсдэлтэй гэнэ. Хэрвээ ийм өвчин гарвал хүнээс хүнд халдах уу гэдгийг эрдэмтэд хараахан судлаагүй байгаа аж.
Амьсгалын цочмог халтай хам шинж, Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж өвчин хоёулаа коронавирусээс үүсэлтэй. Амьсгалын цочмог халтай хам шинжээр 2003 онд нийт 8100 хүн өвчилж, 774 нь нас барсан юм. Амиа алдагсдын 399 нь Хонконгод бүртгэгдсэн байна. Тэмээнээс анх гарсан Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж 2012 оноос хойш 26 орны 1611 хүнд халдаж, 575 хүний амийг авч оджээ. Харамсалтай нь эдгээр вирусийг номхтгох ямар нэг эмчилгээ, вакцин гараагүй байгаа.