Хайр дурлал хийгээд хүсэл хясал, халуун явдлуудын талаар сайхан түүх бичих сэн. Харин энэ удаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамныхнаас нууц амрагуудад хандсан зарлалын чанартай уяхан мэдэгдэл өөр нэгийг эргэцүүлэхэд хүргэлээ.
Гэр бүлийн тухай хуулийг шинээр найруулж, хууль боловсруулагчид нь түүндээ эхнэр, нөхрөө “араар тавьдаг” хүмүүст эрүүгийн хариуцлага тооцох заалт оруулж байгаа тухай яриа чихнээс чих, амнаас ам дамжсан нь саяхан. Зүрх нь дэлсэж, нүүр нь улайсан нууц амрагууд яана аа, ийнэ ээ гэсхийн чимээгүйхэн сураг ажиг болцгоов.
УИХ-ын 76 гишүүн арай нууц амрагийн зовлон, жаргалыг мэдэхгүй царайлаад баталчих юм биш биз дээ. “Ай, гаслант хорвоо, чи нууц амрагийн нулимсанд цадах болоогүй юү”... Тэдний эсрэг “Цаг нь болсон” гэж үзэгсэд ч байлаа. Хуулиар шийтгэхээс нааш “араар тавигсад” засрахгүй, харин бүр Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар хамгаалуулах нь халаг байсан юм гэцгээв.
Олон айлын гэрт үнэнч бус аав, ээжийн хүүхдүүд нүдэндээ гунигтай, сэтгэлдээ мэлмэрүүлэн шаналж буй.
С.Эрдэнэ сайд сэтгүүлчидтэй уулзахдаа “Хэвлэлээр бичээд байгаа шиг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэнэ, хариуцлага тооцно гэсэн юм байхгүй шүү” гэж залруулав. Янаг дэмий эд ч биш гэдгийг мэдэх сайд нууц амрагуудыг аргадаж байх шиг сонсогдов. Хуурч мэхлэгсдийн жаргалдаа умбах шөнө бүүвэй, бүүвэй.
Түүний өмнөхөн ХАХНХЯ-ны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлээс гадуурх амьдралд хариуцлага тооцох тухай нэ-ээг ч өгүүлбэр байхгүй ээ” хэмээн учирласан. Энэ бол нууц амрагуудын айдас хүйдсийг үргээн тайвшруулсан Засгийн газрын мэдэгдэл. Эмгэнэлт инээдмийн жанрын улс төрийн үзэгдэл бөлгөө.
Шинэчилсэн найруулгын төсөлд ганц “ариун” заалт орсон нь хууль санаачлагчдын олсон цорын ганц гарц болж байна. “Гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд хүүхэдтэй атлаа өөр этгээдтэй эр, эмийн харилцаа тогтоон хамтран амьдарч байгаа нь хүүхдийн язгуур эрхийн зөрчил гэж үзнэ” гэжээ.
Энэ чинь гэмт хэрэг биш зөрчил. Зорчигч улаан гэрлээр сэм гүйж л байдаг шиг, рестораны хөргөгчинд мах, сүүг нэг тавиур дээр хадгалчихдагтай адил ердийн л нэг зөрчил гэж байна.
“Нууц амрагууд мандтугай” жүжиг хүмүүсийн ёс зүй болоод нийгэмд улам бүр үгүй болсоор буй ёс суртахуунд найдан дахиад л хуульчлагдана. Гэр бүлийн нандин харилцаагаа аварч үлдэх гэсэн эхнэр, нөхрүүд аргаа барна. Аймшигтай нь, авралгүй нь хүүхдүүдийн шарх тэсвэрлэхийн аргагүй өвтгөнө.
Б.ЭНХЦЭЦЭГ