Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруу руу судалгааны ажилдаа явах гэж байсан “Ирвэс хамгаалах сан”- гийн биологич Т.Лхагвасүмбэрэл Хөвсгөл аймагт амиа алдсан хэрэг энэ сарын 11-нд гарсан. Цагдаагийн байгууллага түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэсэн анхан шатны дүгнэлт гаргасан бөгөөд түүний үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Тэрбээр цоохор ирвэсийн бэлчээр газарт судалгаа хийж, түүнийг хамгаалах ажилд идэвхитэй оролцдог байсан талаар дотно хүмүүс нь ярьж байгаа. Цоохор ирвэс манайд төдийгүй дэлхий даяар анхаарлын төвд орсон. Тиймээс Т.Лхагвасүмбэрэл “Тостын нуруу бол янгирын нүүдэл газар бөгөөд ирвэсийн гол нутаг.
Тэнд биологийн төрөл зүйл ургамал, шувууд, ан амьтан бүгд байдаг, байгалийн үзэсгэлэнт газар. Тиймээс Говь гурван сайхны байгалийн цогцолбор газартай залгаа оршдог энэ хавийн газрыг улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай” гэж ажлын хамт олондоо ярьдаг байсан аж. Нутгийн удирдлагууд болон иргэд ч түүний саналыг дэмжиж, тав орчим жилийн өмнөөс Тост, Тосонбумбын нурууг аймгийн тусгай хамгаалалтад авсан гэнэ.
Улмаар Тостын нурууг улсын тусгай хамгаалалтад авах хүсэлтийг удаа дараа гаргаж байжээ. Гэвч тус нурууг улсын тусгай хамгаалалтад авбал тэр орчмын уул уурхайн лицензийг цуцалж, төр лиценз эзэмшигч компаниудад нөхөн олговор олгоход хүрэх гэнэ.
Тиймээс Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал удаашралтай байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Мөн эх сурвалж “Уул уурхайн компаниуд байгальд халгүй үйлдвэрлэл явуулна гэж байсныг талийгаач үгүйсгэж, “Ирвэс устаж, тухайн бүсийн эко систем сүйрнэ” гэж, судалгаанд тулгуурлан дүгнэж байсан.
Үүнийгээ ч нутгийн иргэдэд танилцуулж, тус нурууг хамгаалалтад авах дэмжлэг авч байсан” гэсэн юм.
Ж.ТӨМӨРСҮХ: ХҮҮ МИНЬ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 3-НД ДАХИН БАРЬЦААЛАГДСАН
БАЙХ МАГАДЛАЛТАЙ
Талийгаачийн аав Ж.Төмөрсүх болон найзууд нь дээрх шалтгааны улмаас түүнийг хэд хэдэн удаа дарамтлуулж, алуулах гэж байсан талаар хэлж буй. Хэргийн мөрөөр бид Ж.Төмөрсүхтэй холбогдов.
-Та хүүгээ нас барахынхаа өмнө дахиад дарамтлуулсан байж болзошгүй гэсэн. Ямар үндэслэлээр ингэж дүгнэх болов?
-Хүү минь өмнө нь барьцаалуулж, өнгөрсөн дөрөвдүгээр сард бүр хутгалуулж байсан. Хутгалуулсныхаа дараа эмчилгээ хийлгэн, ажилдаа ороод удалгүй амиа алдлаа. Тиймээс би хүүгээ амиа хорлосон гэж бодохгүй байгаа.
-Талийгаачийн гар утсан дээр хүмүүстэй ярилцсан бичлэг байсан гэсэн. Чухам юун тухай ярилцсан байсан юм бол?
-Бичлэг бий. Гэхдээ гар утсыг нь цагдаагийн байгууллагад өгчихсөн болохоор энэ талаар хамаагүй ярьж болохгүй юм билээ. Ямартай ч их муу бичигдсэн байсан. Утасныхаа дуу хураагуурыг асаагаад, нууцаар бичсэн байх гэж бодож байгаа.
Хүү минь арваннэгдүгээр сарын 2-нд телевизээр гарсан. Тэр үед нь нууцалсан дугаараас хүү рүү минь залгасан байсан. Тэгэхэд хүүг минь 3-нд дахин барьцаалсан байх магадлалтай. Ярианаас нь сонсох нь ээ хүү минь тухайн хүнтэй нүүр тулсан юм шиг байна лээ.
Тэдэнтэй ярьж байхдаа “Та нар нөгөө хүмүүс мөн байна. Та нар намайг алах л юм байна. Гэхдээ би та нараас амь гуйхгүй. Яавал ч яагаарай” гэсэн байсан. Харин нөгөө хүмүүс нь “Дуугүй бай” гэж загнаж байсан. Шалгадаг байгууллага нь шалгах байх гээд утсыг нь Улаанбаатар хотын цагдаагийн байгууллага руу явуулчихсан.
Хүүг минь камерт нь өртсөн хулгайн анчид барьцаалж, заналхийлсэн гэж бодохгүй байгаа. Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй уул уурхайн компаниудын дарамтад орсон байж болзошгүй.
Учир нь хүү минь тухайн байгалийг хамгаалах чиглэлээр олон судалгаа хийж, нутгийн иргэдийн хайрыг хүлээсэн хүн.
Г.БАЯР