УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай, 2016 оны төсвийг баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол зэргийг хэлэлцсэн байна.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МАН-ынхан Эрүүгийн хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байна.
Үүнийг С.Бямбацогт “Өнгөрсөн хавар УИХ-аар Эрүүгийн хуулийг хэлэлцэж байхад хуульч гишүүд эсэргүүцлээ илэрхийлж, баялаг бүтээгчдийг дарамталсан олон зүйл ангиар өндөр торгууль тавихыг багасгаж, зүйл ангийг цөөлсөн. Хуулийн этгээдэд 14 тэрбум төгрөгийн торгууль ногдуулах байсныг 1.4 тэрбум болгож 10 дахин бууруулсан. Төслийн заалт ч учир дутагдалтай учраас дэмжих боломжгүй” гэв.
Мөн энэ оны төсөвт хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгөхөөр тусгаснаар 60 хувьд нь олгохоор болсон юм. Үүнийг МАН-ынхан дэмжихгүй байна. Иргэдийн амьдрал хэцүү байхад нийгмийн халамжийг танаж болохгүй гэж үзжээ.
-Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгснөөр хэдэн төгрөг хэмнэх юм бэ. Зорилтот бүлэг гэдэгт ямар хүмүүс орох вэ?
С.Бямбацогт: -Хүүхдийн мөнгөнд зориулж жилд 230 гаруй тэрбум төгрөг олгодог байсан. Одоо ялгавартай өгснөөр 110 тэрбум төгрөг танаж буй. Гэвч яг ямархуу байдлаар олгох нь тодорхойгүй байна.
Хүүхдийн мөнгөө авдаггүй, амьдралын боломжтой хэсэгт олгохгүй гэж тооцсон. Мөн хүүхдийн мөнгө авах насны босгыг 18-аас бууруулж тооцох болов уу.
-Үндсэн хуулийг энэ УИХ өөрчлөх шаардлагагүй гэж МАН үзсэн байна. Харин АН-ынхан өөрчлөх боломж бий гэж буй.
-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий, гэвч энэ УИХ биш, одоо биш. Үүнийг зөвхөн МАН-ынхан биш, АН-аас Н.Алтанхуяг, Л.Болд, Х.Баттулга, эвслээс Л.Цог, ИЗНН-аас С.Оюун гишүүн болон бие даагчид эсэргүүцэж байгаа шүү дээ.
Ц.Нямдорж:- Үндсэн хуулийг өөрчилье гэвэл аргаа зөв олох ёстой. 1992 онд Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг Ерөнхийлөгч П.Очирбат ахалж, бүх намын төлөөллийг оролцуулан ажилласан. Одоо үүний адил Ерөнхийлөгчөөр ажлын хэсгийг ахлуулж, бүх намын төлөөллийг оролцуулаад шаардлагатай гол өөрчлөлтийг тусгая гэвэл энэ ажил урагш ахина.
Түүнээс биш гишүүдийн өрөөгөөр явж, гарын үсэг цуглуулж өөрчилдөг юм биш. Бас аливаа парламент бүрэн эрхийнхээ эхний хугацаанд энэ асуудлаа ярих ёстойгоос сонгууль дөхсөн үед өөрчлөх учиргүй. Ер нь одоогийн хямрал Үндсэн хуулиас болоогүй, эрх баригчдаас үүдсэн.
-АТГ-ын дэргэд байгаа Мөрдөн байцаах албыг буцаагаад прокурорын дэргэд аваачих санал бий. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаснаар хүний эрхийн зөрчил гаарсан гэж төсөл санаачлагч нь үзсэн. Таны байр суурь юу вэ?
-Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан нь буруу. Үүнийг эсэргүүцсэн ч УИХ тоогоогүй. Гэхдээ АН-ынхан авлигатай биш, АТГ-тай нь тэмцээд байна.
Авлигатай холбоотой 10 хэргийн гурвыг үлдээгээд бусдыг нь өөр өөр газарт хариуцуулна гэж байна. Энэ бол цогц асуудал учраас нэг байгууллага харьяалдаг байх нь зөв.
С.УУЛ