Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх” төслийн хүрээнд Ховд аймгийн Алтайгаас Манхан сумын чиглэлд 214.1 км хатуу хучилттай авто зам тавьсныг хүлээн авчээ. Уг зам нь Монголыг БНХАУ, ОХУ-тай Азийн авто замын сүлжээ АН4 чиглэлээр холбох өндөр ач холбогдолтой юм байна. Алтайн нуруу давуулан барьсан энэ замыг БНХАУ-ын “Чайна Жиангсу Жианда” констракшн барьж, “Кореа консалтантс интернэшнл” барилгын ажлыг хянаж, зөвлөсөн бол “ХЗТ” компани түншлэлээр, “Соёмбот зам” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллажээ.
Уг замыг Алтайн нуруу, Хавчиг, Бодончийн хавцлаар дайруулж, байгалийн хүнд нөхцөлд барьсан тул инженерийн хиймэл байгууламжууд ихтэй, томоохон бүтээн байгуулалт болж чаджээ. Нийт 137.8 ам метр, амрах хоёр талбай, 217.1 ам метр хажуугийн таван зогсоол, зургаан уулзвар, 13 гарц, 374 цэгт ус зайлуулах хоолой, 45-120 метрийн урттай төмөр бетон 14 гүүр, голын гольдирлыг залж, 14 км-т үерээс хамгаалах далан, шуудууны бетон бэхэлгээг 89.3 км-т, хад нурахаас хамгаалах ган торон хашлага 4.2 км, туузан төмөр хашлага, үер усны хамгаалалтын даланг 63.8 км газар байгуулжээ. Уг ажилд орон нутгийн 700 гаруй иргэнийг оролцуулж, ажлын байраар хангасан байна.