Фэйсбүүкийн “Paparazzi traffic” группийн гишүүд өчигдрөөс нэгэн аян өрнүүллээ. Үүнийг “Урсгал сөрөгчдийг гахайдах” олон нийтийн аян гэж нэрлэж байгаа аж. Хотын авто зам хаа сайгүй түгжирч байгаа энэ үед зарим нэг бүдүүлэг жолооч урсгал сөрөн бусдадаа саад учруулж, осол гаргадаг. Урсгал сөрж явах үед нь замын цагдаа таараагүй л бол түүнд хэн ч хариуцлага тооцдоггүй. Иймээс тус группийн гишүүд ийм зөрчил гаргасан жолооч нарын зургийг цаг, минут, байршилтай нь өдөр бүр групптээ байршуулж байхаар болжээ. Группт тавигдсан зургийн дагуу Замын цагдаагийн газар зохих хууль, журмын дагуу хариуцлага тооцох аж. Түүнчлэн тухайн өдрийн хамгийн бүдүүлэг зөрчил гаргасан жолоочийн машины зургийг группийн нүүр зураг болгож байхаар болжээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 40.2-т замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна гэж заасан аж.