Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Японы Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Тоорүг өчигдөр хүлээн авч уулзлаа. “Бидний хамтын ажиллагаа анх бага оврын салхин цахилгаан станцаас эхэлж, соёл урлаг, боловсролын салбараар өргөжсөнд баяртай байна. Манай хотод очих зочдыг тэсч ядан хүлээх болно” хэмээн Мияконожо хотын орлогч дарга хэлээд, энэ удаа Монголд нутгийнхаа амтат үхрийн махыг нийлүүлэх саналтай ирснээ дуулгав. Тэрбээр мөн Мияконожо хотын сүүний үйлдвэр монгол хөрөнгөөр тараг бүрдэг тухай ч сонирхуулжээ. Ц.Энхцэнгэл дарга хариуд нь “Манай хоёр хот сурагч солилцоо, соёл, хөдөө аж ахуй, нийтлэг үйлчилгээний салбарт 16 дахь жилдээ идэвхтэй хамтран ажиллаж байгаад баяртай байна. Ирэх онд ч энэ ажлуудыг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Үхрийн мах нийлүүлэх тухайд гэвэл манай Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга О.Нарантуяа нар таны саналыг анхааралдаа авч, судлах болно” гэв. Уг уулзалтад Японы талаас Мияконожо хотын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тасгийн дарга Юкизаки Макото, тус тасгийн орлогч дарга Нишихата Юүичи, Мияазаки мужийн Мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжлийн тасгийн шинжээч Китамура Акихико, тогооч Накао Казүхиса зэрэг төлөөлөгч оролцсон байна.