Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэл хот доторх авто машин, техник болон тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг томоохон зах, жижиг цэгүүдийг нэгтгэн, нэгдсэн цэгт төвлөрүүлэх цогц худалдааны байгууламжийг барьж байгуулсан. Гэсэн ч тус цогцолборт нүүж очих худалдаа эрхлэгчид тун цөөн байгаа аж.
Нийт 6375 авто машины зогсоол бүхий 130 га газарт том, жижиг оврын авто машины зогсоол, авто сэлбэг хэрэгслийн худалдааны иж бүрэн үйлчилгээтэй байхаар төлөвлөгдөж байгаа юм байна. Ингээд бид "Авто худалдааны цогцолбор"-ыг зорьсон юм. Хуучин 22-ын товчооноос 30 метрийн өргөнтэй, 1.5 км урттай авто замыг барьж “Авто Худалдааны Цогцолбор” руу холбосон бөгөөд цаашид цогцолборт хүрэх нийтийн тээврийн маршрут төлөвлөх, автобусны эцсийн болон дундын буудлуудыг барих асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Биднийг очиход Япон авто машины худалдааны газарт арав гаруй машиныг эгнүүлэн тавьсан байсан ба таван нийтийн ариун цэврийн газар, 10-аад цайны газар, авто худалдааны үйлчилгээ явуулах байгууламжуудыг барьсан байсан юм.
Үүний дараа авто худалдаа эрхлэгчдийн байр суурийг сонссон юм.
Машины худалдаачин н.Доржоо: Машин талх шиг зарагдахгүй шүү дээ
-Авто захуудыг нүүлгэх шийдвэрийг дэмжихгүй. Бид бор хоногийнхоо хоолны мөнгийг авах гэж хүйтэнд даарч хөрч, өдөржин, шөнөжин зогсож байж зардаг. Машин талх шиг зарагдахгүй шүү дээ. Тийм байхад тийм хол газар цөлчихөөр хэн очиж авах юм бэ? Тэгээд ч бид энд олон жил зогсож байна. Болоод л байна шүү дээ.
Машины худалдаачин Э.Батмөнх: Бүрэн ашиглалтад орвол нүүж очно
-Авто худалдааны цогцолбор тохижилт үйлчилгээгээ бүрэн хангасан тохиолдолд нүүж очиход татгалзах зүйлгүй. Гэхдээ тэнд маш хүйтэн, бидэнд дулаацах ч газар олдохгүй юм шиг байна лээ. Дээрээс нь өдрийн түрээсний мөнгө төлчихөөд давхар ашиглалтын зардал гэж 500-1000 төгрөг төлнө гэж хүмүүс яриад байх юм. Хэрэв тийм бол тийшээ нүүх хүн олдохгүй. Машин ганц хоёр өдрийн дотор зарагддаг эд биш. 2-3 сар зогссон ч зарахгүй байх тохиолдол гардаг.
Машины худалдаачин З.Орхон: Сэлбэгийг дагаад нүүлгэмээр байна
-Авто машины худалдаа эрхлэгчид нүүж очиход асуудалгүй байж болох ч биднийг дагаад хоолоо олж иддэг олон бичил бизнес байдаг. Ганцхан сэлбэгээр ч дуусахгүй, авто угаалга, машины шил толь арчигч шингэн зардаг эмээ хүртэл тэндээс хоолныхоо мөнгийг олж амьдардаг. Тэднийг дагаад нүүлгэмээр байна.
Машины худалдаачин Г.Мөнгөн: Газрыг нь авах гэсэн башир явуулга
-Биднийг нүүлгэж газрыг нь авах гээд байгаа башир явуулга гэж бодож байна. Би 11 дэх жилдээ машин зарж байгаа. Бид эндээс нүүвэл ашиггүй ажиллана. Тэр хаа хол газар ирж машин авах хүн гарахгүй л болов уу. Ажлын байраа алдана гэсэн үг шүү дээ.
Энэ бүхэнд хариулт авахаар "Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ын маркетингийн менежер О.Цэлмэгээс тодрууллаа.
-“Авто худалдааны цогцолбор”-т зогсоол худалдаж авчихаад давхар түрээс төлөхийг эсэргүүцэж байгаа юм билээ. Дээрээс нь орж гарахдаа 5000 төгрөгийн хураамж төлнө гэсэн мэдээллүүд тархаад байгаа. Энэ талаар?
-18 м2 талбайтай жижиг тэрэг буюу жийп худалдах хэсгийн нэг зогсоолын үнэ дөрвөн сая төгрөг, том оврын автобус болон хүнд даацын ачааны тэрэг худалдаалах зогсоол талбайн хэмжээ нь 72 м2, үнийн хувьд есөн сая төгрөг байхаар тооцсон. Одоогийн байдлаар 30 орчим хувь нь зарагдсан байгаа. Хамгийн гол нь худалдаж авсан зогсоол нь тухайн хүний үл хөдлөх хөрөнгө болох юм. Тиймээс хувь хүн өөрөө түүнийг зарах, түрээслүүлэх, өвлүүлэн үлдээх эрх нь нээлттэй.
Зогсоол худалдан авсан тохиолдолд ашиглалтын зардал гэж хоногийн 200 төгрөгийн хураамж авахаар тусгасан. Энэ нь сард 6600 төгрөг болох юм. Үүнийг гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, хяналтын камер, хог хаягдал, цэвэрлэгээ зэрэгт зарцуулагдана.
-Иргэдийн гар дээрх бэлэн мөнгө ховордож байгаа өнөө үед зогсоол худалдаж авах хүн цөөн байгаа. Тэгвэл худалдаж авахгүйгээр түрээслэж байгаа тохиолдолд хэдэн төгрөгийн түрээс авах вэ?
-Зогсоол худалдаж авах боломжгүй, эргэлтийн хөрөнгө багатай иргэдэд зориулж 500-800 зогсоол гаргахаар төлөвлөж байгаа. Үүнийг өдрийн 1000 төгрөгөөр түрээслүүлнэ. Энэ бол харьцангуй хямд тариф. Да хүрээ зах дээр өдрийн 2000 мянгаар түрээслүүлдэг. Харин үйлчлүүлэхээр ирж байгаа хүмүүсийн хувьд машины зогсоолыг цагийн 100 төгрөгөөр түрээслүүлж байгаа. Харин орж, гарахдаа 5000 төгрөгийн хураамж төлнө гэсэн мэдээлэл олон нийтийн мэдээллийн сүлжээгээр их тархсан байна лээ. Тэр бол худал мэдээлэл.
-Тэгвэл авто худалдаа эрхлэгчдийн шинэ цогцолбор луу нүүхгүй гээд байгаагийн гол шалтгааныг та юу гэж бодож байна вэ?
-Нэгдүгээрт маш хүйтэн гэх тайлбарыг өгч байгаа. Гэхдээ манайх Газар зүйн үндэсний хүрээлэнгээр судалгаа хийлгэхэд энэхүү газрыг цэвдэггүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн тэнд худалдаа эрхлэгчид зориулсан боловсон ариун цэврийн газар, дулаацаж, цай хоолоо идэх цайны газруудыг барьж байгуулсан. Ашиглалтад ороход бэлэн болсон.
Хоёрдугаарт, захуудыг нүүлгэхгүй гэсэн олигархи хэдэн компаниудын явуулга гэж бодож байна. Тэд “Да” хүрээ зах, Төмөр захын “1000 машины зах” зэрэг авто худалдааны захууд дээр нэг машинаас 2000 төгрөг буюу түүнээс илүү хураамж авдаг. Мөн тэдгээр захад өдөрт 2000 машин орж гардаг гэх тооцоо бий. Ингээд бодохоор тэд өдөрт 4 гаруй сая төгрөгийн орлого олдог ч сард хоёр сая гаруй төгрөгийн түрээс төлдөг. Тиймээс хэрэв авто машинууд “Авто худалдааны цогцолбор” руу нүүвэл тэд асар их орлогоо алдана гэсэн үг.
Гуравдугаарт, авто худалдааг дагасан олон бизнес байдаг. Жишээлбэл, сэлбэгийн худалдаа, дугуй засвар гэх мэт. Тухайлбал, 2А, Б талбайн урд хэсгээр сэлбэг хэрэгслийн павильонууд, авто эскпо зохион байгуулах цогцолборын барилга, авто угаалга, авто засвар, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, улсын дугаарын үйлдвэр, техниийн хяналтын үзлэгийн төв, үйлчилгээ оффисын 14 барилга зэрэг авто машинтай холбоотой бүхий л үйлчилгээнүүдийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
-Иргэд нийтийн тээврээр явах боломжтой юу?
-Боломжтой. Бид Саппорогоос Авто худалдааны цогцолбор хүртэлх маршрутаар нийтийн тээвэр явуулж эхэлсэн. Одоогийн байдлаар зорчих зорчигчдын тоо бага байгаа учир давтамж багатай, өдөрт гурван удаагийн эргэлтээр явж байгаа.
-Авто худалдаа эрхлэгчид нүүлгэх мэдэгдлийг хэзээ хүргүүлсэн бэ?
-Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 08-н өгсөн байгаа.
Энэ бүхний дараа иргэдийн саналыг сонссон юм.
Иргэн Н.Солонго: Авто захуудыг нүүлгэх нь зөв. Амралтын өдрүүдээр хотын хөдөлгөөн багасах ёстой байтал “Да” хүрээ захын ойролцоо явах гэхээр битүү түгжрэлд ордог. Хотын өнгө үзэмжинд ч муухай. Үнэхээр авто машин худалдаж авах хүмүүс нь зорьж очоод авахад буруудах зүйл байхгүй гэж бодож байна.
Иргэн П.Гантөмөр: Авто худалдааны цогцолборын ажлыг дэмжиж байна. Хотын түгжрэл ч багасна. Тэнд авто худалдаатай холбоотой бүхий л үйлчилгээнүүд төвлөрсөн гэсэн. Урьд нь машин худалдаж авахад гэрчилгээ, улсын дугаар авах, нотариатаар батлуулах гээд дор хаяж 3-4 өдрийг зарцуулдаг байсан бол бүгдийг нэг дороос бүрдүүлэх боломж гарч ирж байна шүү дээ.