- Ойрын хэдэн жилд ийм хүйтнийг үзээгүй монголчууд энэ өвөл барьц алдах шинжтэй. Арваннэгдүгээр сарын дунд арав хоногт Монгол орон даяар хүйтэрч, ихэнх нутгаар цас орсноор манай орны газрын зураг бүхэлдээ шахам цалин цагаан өнгөөр гялтганаж байгааг сансраас авсан зургаас харж болно. Уг нь энэ цас, жавар хоёр хэлж ирсэн ч Хөвсгөлийн Хатгал тосгон, Баянхонгорын Шаргалжуут, Өмнөговийн Ноён сумынхан 60 гаруй малаа алдсан байх юм. Энэ сарын дунд арав хоногт манай орны ихэнх нутагт 0-4 мм, Завхан, Төв, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Дундговь, Хэнтий, Дорнодын зарим сумын нутгаар 5-9 мм, Увсын Өмнөговь, Ховд, Баруунтуруун, Түргэн, Завханы Яруу, Эрдэнэхайрхан, Сантмаргац, Улиастай, Цагаанхайрхан, Завханмандал, Алдархаан, Идэр, Баянтэс, Булганы Рашаант, Дашинчилэн, Хэнтийн Дэлгэрхаан сумын нутгаар 10-18 мм цас орлоо. Үүнийг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орсон байна. Энэ хугацаанд Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговийн зарим нутгаар 16-22 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилав.
Ихэнх нутагт 0-6, Увс, Завхан, Төв, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим нутагт 7-12, Увсын Улаангом, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Завханы Яруу, Баянхайрхан, Булганы Рашаант, Баянхонгорын Жаргалант, Төвийн Жаргалантад 13-22 см зузаан цастай байна.
Баян-Өлгий аймгийн нийт нутгийн 70 хувь нь цастай байна. Дэлүүн сумын нутаг цасгүй шахам, Цэнгэл, Улаанхус, Баяннуур сумын нутгаар зузаан цастай, шөнөдөө 28 хэм хүрч хүйтний эрч чангарч байгаа ч байдал гамшгийн хэмжээнд хараахан хүрээгүй байна. Тус аймгийн төвийн орон сууц, албан газруудын халаалт тааруу, хэрэглэгчид сэтгэл дундуур байгаа гэнэ. Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Сайншанд суманд энэ сарын 15-наас эхлэн, 2-3 удаа цас орж, 5-10 см, зарим газраа 20-30 см зузаан цастай болжээ. Дахин цас орвол Айраг сумын малчид хөрш Дундговийн зарим сум руу, Иххэт, Алтанширээгийн малчид мөн л хөрш Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг руу оторлохоор зэхжээ. Тэгвэл Дундговь аймгийнхан дахин цас орвол төв замдаа цацах давсгүй болжээ. Байсан 200 кг давсаа сая хэд хэдэн удаа орсон цаснаар цацаад дууссан, дахиж давс авъя гэхээр мөнгөгүйн гачланд нэрвэгдсэн гэнэ.