УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны төсвийг батлах үеэр Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар хоёрыг нэгтгэхээр болсон. Дээрх хоёр газрыг нэгтгэн Үндэсний орлогын газар байгуулж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ бүтэц зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулах болжээ.
Гааль, татвар гэсэн хоёр том байгууллагын үйл ажиллагааг нэгтгэснээр нийт 300 ажилтан цомхтгох тухай асуудал салбарынхны сонорт хэдийнэ хүрсэн байна. Ямар албан тушаалтнуудыг цомхтгох нь одоохондоо тодорхой бус ч гааль, татварын ажилтнууд нэлээд айдас түгшүүртэй байгаа аж.
Гэхдээ энэ нь зөвхөн ажилгүй болох вий гэсэн хувь хүний айдас төдий биш гэнэ. “Эдийн засаг хямралтай байгаа үед Засгийн газар төрийн зарим байгууллагын данхар, нүсэр бүтцийг өөрчлөх замаар хэмнэлт хийнэ гэж үзсэн нь буруу биш.
Гэвч үйл ажиллагаа, ажил үүргийн хуваарилалт нь хоорондоо нягт уялдаагүй хоёр байгууллагыг шууд нэгтгэх нь оновчгүй. Жишээ нь, гаалийн байгууллага улсад зөвхөн орлого төвлөрүүлдэг газар бус.
Энэ хоёр байгууллагыг нэгтгэснээр гаалийн хяналт шалгалт гэж чухал ажил орхигдож болзошгүй” хэмээн болгоомжилж буй гэнэ.
Л.ГАНЧИМЭГ