Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр монгол инженерүүдийн зохион бүтээсэн, байгаль орчинд ээлтэй эко автобустай танилцлаа. Монгол инженерүүдийн зохион бүтээсэн Евро-4 хөдөлгүүртэй, J-800T загварын 20 эко автобус маргаашаас эхлэн Офицеруудын ордон - Ханын материал чиглэлд үйлчилгээнд явах юм байна. “Экобус” ХХК эдгээр автобусыг нийт 5.3 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэж, “Зорчигт тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгчээ.
“Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дотооддоо авто машин үйлдвэрлэх, ажлын байр бий болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх зорилт дэвшүүлсэн нь эхнээсээ ажил хэрэг болж буйг хотын мээр энэ үеэр хэлэв.
Тэрбээр “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, монгол хүний ур ухаан, хүч хөдөлмөрийг шингээн, дотооддоо эко автобус зохион бүтээсэн инженер, техникийн ажилчдад талархал илэрхийлье. Энэ бол үндэсний үйлдвэрлэлийн хамгийн тод жишээ. Нийтийн тээврийн парк шинэчлэлд 2500 орчим автобус шаардлагатай байгаа. Гэхдээ импортоор автобус оруулж ирэхээс илүүтэйгээр дотооддоо үйлдвэрлэсэн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд явуулах, цаашлаад хамтарсан үйлдвэр байгуулахыг зорьж байна” гэлээ.