Батлан хамгаалах яам цэргийн албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд албан хаагчдаа орон сууцаар хангах зорилт тавьж ажилласнаар эхний ээлжийн гурван зуун айлын орон сууц энэ сарын 30-ны өдөр ашиглалтад орох болжээ. Барилгын ажил удаашралтай байсан хэдий ч цэргийн ангиуд хамтран ажиллаж орон сууцаа хугацаанд нь хүлээлгэн өгч чаджээ. Мөн Батлан хамгаалах яам, Монголын барилгачдын холбоо, Хаан банк хамтран цэргийн алба хаагчдад орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох гэрээ байгуулж орон сууцаа борлуулах аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан байна.