Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотын Ардын хорооны дарга Ча Хий Римийн урилгаар энэ сарын 19-23-нд тус хотод ажлын айлчлал хийлээ. Айчлалын хүрээнд Пхеньян хотын бүтээн байгуулалт, ногоон байгууламж, ундны усны сав газар, аялал жуучлалын бүс нутгийн төлөвлөгөөтэй танилцаж, цаашид талууд харилцан хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Монгол Улс, Бүгд найрамдах Ардчилсан Солонгос улстай эртний уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд 1956 онд тэдний удирдагч, Маршал Ким Ир Син манай оронд айлчилж байсан юм. Энэхүү айлчлалын үеэр хоёр улс найрамдалт хотуудын гэрээнд гарын үсэг зурж, өнөөг хүртэл олон салбарт хамтран ажилласаар иржээ. Ирэх онд БНАСАУ, Монгол Улсын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох юм. Нийслэлийн Засаг даргын Пхеньян хотод хийсэн ажлын айлчлал нь талуудын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэдгийг талууд онцлон тэмдэглэсэн.
Э.Бат-Үүл даргыг хүлээн авч уулзсан БНАСАУ-ын Пхеньян хотын Ардын хорооны дарга Ча Хий Рим цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хоёр хотын томоохон бүтээн байгуулалт, ногоон байгууламж, хот тохижилтын чиглэлээр харилцан мэргэжилтэн солилцох тухай ч ярилцжээ. Харин нийслэлийн Засаг дарга тус улсын Зүүн бүсийн аялал жуучлалын бүс нутаг болгохоор хөгжүүлж байгаа Вонсан хот болон Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болох талаар санал гаргасныг тэдний тал судалж үзээд, хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.