Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг харамсалтайгаар амиа алдсан "Ирвэс хамгаалах сан"-гийн биологич Т.Лхагвасүмбэрэлд эмгэнэл илэрхийлж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Мөн тэрээр Цагдаагийн ерөнхий газрын дарга Чингистэй уулзаж, уг хэргийн үнэн мөнийг шуурхай тогтоож, холбогдох хүмүүст хариуцлага авч ажиллахыг хүссэн байна.
Тэрээр "Оюутны байранд хамт амьдардаг байсан Төмөрсүхийн хүү харамсалтайгаар амиа алдсанд гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. Манай Төмөрсүх бол олон жил байгаль орчин, ан амьтнаа хайрлан хамгаалах ажлыг уйгагүй хийж байгаа хүн.
Түүний хүүд тохиолдсон Энэ харамсалтай хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Чингистэй уулзаж хурдан шуурхай ажиллан хэргийн үнэн мөнийг тогтоохыг хүслээ. ЦЕГ-аас тусгай ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна.
Төмөрсүхийн хүү Лхагвасүмбэрэл олон удаа ноцтой гэмт халдлагад өртөж, дарамтанд орж байсан ч эх орон, газар шороо, ан амьтнаа хайрлан хамгаалах дуртай ажлаасаа цэрвэж, шантралгүй сэтгэл зүрхээрээ зүтгэн ажиллаж байсан удам дамжсан байгаль хамгаалагч, зоригт хөвгүүн байсан.
Миний бие зөвхөн талийгаачид тохиолдсон уй гашууг хуваалцаад зогсохгүй цаашид гар хоосон, ганц мотоциклтой байгаль хамгаалагчдаа хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлыг санаачлан хийх болно" гэсэн байна.
