“Өнөөдөр” сонин 2014 оноос Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон дэрэвгэр жиргэрүүг хэсэг бүлэг хүн хууль бусаар түүж, түүнийг нь хятадууд үнэ цохин авч байгаа талаар анх хөндөн, цуврал сурвалжлага бэлтгэж байв. Үүнээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар багагүй шуугиан дэгдээсэн ч тэгсгээд намжсан. Харин БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг А/377 тоот тушаал гаргаж, дэрэвгэр жиргэрүүг бүрмөсөн устахаас урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг нь хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор ойрын таван жилийн хугацаанд түүж бэлтгэх, гадаадад гаргахыг хориглов. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 он хүртэл хувь хүн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохгүй гэсэн үг.
Дэрэвгэр жиргэрүү (гоньд, хонин шүүр, шүхэргэнэ, хонин шүхэр, зэгнэ зэргээр олны дунд нэрлэгддэг) нь эко системд чухал үүрэгтэй, хөрсний чийгийг барьдаг шидтэй, шүхэртний овогт хамаарах олон наст ургамал юм. БНХАУ, ОХУ, БНСУ, Зүүн Сибирь, Манжуур, Монголд тархан ургадаг. Манайд Хэнтий аймаг, Монгол Дагуур, Дорнод Монгол, Хянган, Хангайн тойргийн зүүн, зүүн хойт хэсэг, хээрийн бэсрэг уулс, дов толгодын хайрга, чулуурхаг хажуу даган хялгана, гүйлс орчмоор, мөн тариалангийн атаршсан талбайд ургадаг аж. Үндсээр нь тасалбал дахин төлждөггүй, үүнээс болоод тухайн орчмынх нь хөрс сийрэгжин амархан доройтож, цөлждөг байна. БОНХАЖЯ шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад зохих журмын дагуу түүх зөвшөөрөл олгодог ч иргэд тогтоосон хэмжээнээс хэтрүүлж, заасан газраас түүдэггүйгээс өдгөө устах аюулд өртөөд байгаа. Тиймээс холбогдох албаныхан эрдэмтэн, судлаачидтай зөвшилцсөний үүднээс эмийн ургамалаар түүж бэлтгэх, экспортлохыг хориглосон нь энэ аж.