Хятадын эрэлт багасах төлөвтэй нь зэсийн ханшид сөргөөр нөлөөлж буй. Тэгвэл зэсийн уурхайнуудын олборлолт нэмэгдсэн тул уг таваарын үнэ улам хямдарсан талаар “The Australian” уламжлав. “BMO Capital Markets”-ын тооцоолж буйгаар улс орнуудын суурь металлын үйлдвэрлэл цаашид ихээхэн нэмэгдэх төлөвтэй байгаа төдийгүй 2019 он хүртэл үргэлжилж магадгүй аж. “Freeport McMoRan”, MMG, “Southern Copper” зэрэг компани зэсийн төслүүдэд хөрөнгө оруулж буй гэнэ. “Barclays”-ын мэдээлснээр ирэх онд зэсийн дөрвөн ордоос бүтээгдэхүүн олборлож эхэлснээр дэлхийн үйлдвэрлэл таван хувиар нэмэгдэх төлөвтэй юм байна.
Энэ долоо хоногийн эхээр зэсийн үнэ сүүлийн зургаан жил хагасынхаа доод түвшинд хүрэв. Мөн Нью-Йоркийн металлын биржид ирэх сард нийлүүлэх шаргал металлын үнэ 1.7 хувиар хямдарсан байна. Лондоны металлын биржид тонн зэс 4515 ам.доллартай тэнцэж байна.