Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсныг “Ил тод уул уурхай” хурлын үеэр салбарын сайд нь дуулгалаа. Уг хуулийг баталбал цацраг идэвхт ашигт малтмал нь нөөц ашигласны тусгай төлбөртэй болж, ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, зах зээл дэх үнийн өсөлтөөс хамаарч нэмэгдэл төлбөр авах боломж бүрдэх аж. Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний томоохон цогцолбор барих төслийг урд хөрштэй хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Манай улс үүнд шаардагдах 34 сая тонн нүүрсийг жил бүр нийлүүлэх үүрэг хүлээж байгаа гэнэ. Тус төслийг хэрэгжүүлснээр манай улсын эрчим хүчний хангамж сайжрахын сацуу экспортлох боломж бүрдэх юм байна.
“Эрдэнэс Тавантолгой”-д бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхийг эсэргүүцэн тус компанийн ажилчин, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн ТУЗ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой”, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хооронд хамтын гэрээ байгуулах хэлэлцээ хийж буй гэнэ. Он гарснаас хойш шинээр 56 уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж буйгаас 40 ил уурхай, баяжуулах гурван үйлдвэр бүрэн ашиглалтад орж, Улсын комисс хүлээн авчээ. Үр дүнд нь 5342 ажлын байр бий болж, төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ 1.2 орчим тэрбум төгрөгт хүрсэн дүн гарсан байна. Харин 13 уурхай, баяжуулах үйлдвэр санхүүжилт, зах зээлийн болон дэд бүтэц, тоног төхөөрөмжийн угсралт зэрэг бусад асуудлаас болж бүрэн ашиглалтад ороогүй байгаа аж. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 630 зөвшөөрөл шинээр олгожээ. Тэгвэл аймгуудын Засаг дарга нараас санал авахаар бэлтгэж буй 742 өргөдөл байгаа гэнэ.
1-10 дугаар сарын байдлаар Ашигт малтмалын газар 40.4, Газрын тосны газар 143.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ хугацаанд манай улс 18.2 сая тонн нүүрс, 12.5 тонн алт, 975.8 мянган тонн газрын тос олборлосон байна. Өнгөрсөн мягмар гаригийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 45 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа гэнэ. Үүнээс А-80 автобензин 57, Аи-92 автобензин 52, дизелийн түлш 30, ТС-1 43 хоногийн нөөцтэй байгаа аж.
Ц.Болормаа