УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дахь заалтаар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын оролцоогүй буюу түүний саналгүйгээр нэг гишүүнийхээ саналыг үндэслэн УИХ шууд хэлэлцэн шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн байгаа нь Үндсэн хууль дахь эрх мэдэл хуваарилах болон танхимын зарчмыг алдагдуулж, Ерөнхий сайдын бүрэн эрхийг хязгаарласан болохыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар эцэслэн тогтоосон байна.
Мөн дээрх зохицуулалт нь “Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ”, “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн гэж дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтээ үндэслэлтэй гэж үзжээ.
Иймээс УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дахь заалтын холбогдох хэсгийг хүчингүй болголоо. Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн юм. Ингэснээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан О.Баасанхүү гишүүн “шүд сугалах” оролдлого хийсэн сүүлчийн гишүүн болох нь.
Сайд С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг УИХ хэлэлцэж эхлээд байсан ч Цэцийн шийдвэрийг хүлээн, түдгэлзүүлээд байсан юм.
Б.УРАН