Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг энэ сарын 30-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Монголд төдийгүй дэлхийд ховордсон амьтад Тост, Тосонбумбын нуруунд идээшилдгээс гадна байгалийн тогтоц сайтай газар учраас нутгийн иргэд болон “Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтнууд уг нурууг улсын тусгай хамгаалалтад авах ёстой гэж байгаа.
Гэвч тус нуруунд уул уурхайн ашиглалт болон хайгуулын олон лиценз өгсөн учраас тусгай хамгаалалтад авах асуудал удаашралтай байгаа юм. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тост, Тосонбумбын нуруунд УИХ-ын хэд хэдэн гишүүний лиценз бий” гэжээ.
Тэгвэл бидэнд мэдээлэл өгсөн эх сурвалж “Тус нуруунд хоёр талбай эзэмшдэг “Саус гоби коэл транс” компани УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийнх. Бусдынх нь эздийг бид мэдэхгүй” гэсэн юм.
Мөн саяхан амиа алдсан “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн үхлийг дотно хүмүүс нь тус газарт лиценз эзэмшдэг компаниудтай холбоотой гэж үзэж байгаа.
Энэ талаар Гурвантэс сумын байгаль хамгаалагч А.Атараас тодрууллаа.
-Тост, Тосонбумбын нуруунд ашиглалт, хайгуулын хэчнээн лиценз өгсөн байна вэ?
-Одоо хайгуулын 16, ашиглалтын нэг лиценз бий. Гэхдээ энэ тоо сар бүр өөрчлөгддөг. 2-3 лиценз нэмэгдэж, хасагдаж байдаг юм. “Саус гоби коэл транс” ХХК олборлолтоо явуулж эхлээгүй байгаа.
Тус компанийн ашиглалтын лицензтэй талбайд булаг, шандтай баянбүрд байдаг учраас орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Улмаар уг асуудал шүүхээр маргаантай болсон учраас олборлолтоо эхлээгүй байгаа юм.
-“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл тус нурууг улсын хамгаалалтад авах асуудлаар нэлээд олон судалгаа хийсэн гэсэн. Гэвч саяхан амиа алдсан. Лиценз эзэмшдэг компаниуд түүний үхэлд буруутай байж магадгүй гэсэн таамаг бий. Танд энэ талаар мэдээлэл бий юу?
-Би түүнтэй олон удаа уулзаж, хамтран ажиллаж байсан. Тэрбээр Тосонбумбын нуруунд камер байрлуулан, ирвэсийн амьдрах орчин, хоол тэжээлийг судалж байсан. Ер нь “Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтнууд болон орон нутгийн захиргаа Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах нь зүйтэй гэсэн нэг байр суурьтай байгаа.
Тиймээс бид энэ сангийн хүмүүсээс олон удаа тусламж, зөвлөгөө авч байсан. Талийгаачийн хувьд ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, тохитой залуу байсан.
Манай нутагт их олон жил ажилласан. Түүнийг өмнө нь дарамталж, хутгалж байсан тухай сонссон. Гэхдээ компаниудтай хэл ам хийж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна.
Г.ЦЭЦЭГ