Чимэд-Осорын Болд
БНМАУ-ыг тунхаглаж, анхны Үндсэн хууль батласан Улсын анхдугаар их хурал 1924 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр хуралджээ. Хурлыг Ерөнхий сайд Б.Цэрэндорж нээсэн байна.
Улсын анхдугаар хуралд ирвэл зохих 95 хүнээс ирсэн төлөөлөгч 77. Үүнд: ард 71, хар 68, лам 9, тайж 6, намын гишүүн 46, нам эвлэлийн хавсарсан гишүүн 4, гишүүн бус 13 гэжээ.
Төлөөлөгчдийг боловсролын байдлаар нь авч үзвэл: монгол бичигтэй 58, орос, монгол бичигтэй 7, казак бичигтэй 3, монгол, орос, эсперанто бичигтэй 1, бичиг үсэг үл мэдэх 7 хүн байжээ.
Насны хувьд: хорин настай 2, 63 настай нэг төлөөлөгч оролцсон байна.
Хурлын тэргүүн даргад Нийслэл хотын төлөөлөгч Жадамба, дэд даргад Дөрвөдийн баруун аймгийн төлөөлөгч Бадрах, нарийн бичгийн даргад Нийслэл хотын төлөөлөгч Гэлэгсэнгэ, Хан Хэнтий аймгийн төлөөлөгч Дугаржанцан нарыг сонгожээ.
Их хуралд Зөвлөлийн засагт Орос улсаас Нийслэл Хүрээнд суугаа элчин сайд Юдин баяр хүргэсний сацуу, Коминтерний төлөөлөгч Рыскулов, Буриадын Ардын Сайд нарын Зөвлөлийн дарга Ербанов, Буриадын Ардын гэгээрүүлэх яамны сайд Базар Барадин, Залуучуудын өмнөөс Д.Нацагдорж, Түвдийн төлөөлөгч хамба Агваан Доржиев тэргүүтэй олон хүн баяр хүргэжээ. Мөн Дундад улсын худалдааны иргэдийн өмнөөс худалдааны хурлын дарга Түмбаярын үсгийг хүргэж ирснийг дарга Жадамба хүлээн авчээ.
Москвад байгаа хамаарсан элчин сайд Гүрсэд баяр хүргэж цахилгаан ирүүлснийг төлөөлөгчдөд уншиж сонсгосон байна.

Нийт 18 өдөр хуралдахдаа, БНМАУ-аа тунхаглаж, анхны Үндсэн хуулиа батлалцсан Улсын анхдугаар их хурлын төлөөлөгч Баяр, Гонжоон нар бахдах сэтгэлийн хөөрлөөр нэгэн дууг зохион дуулсаныг сонирхуулбал,
Зэ хө, зэ хө, төрийн хэргийг жолоодуулахыг
Төв Хороонд даатгана даа зэ хө, зэ хө
Зэ хө, зэ хө, заасан хуулийг явуулахыг
Засгийн газарт даатгана даа зэ хө, зэ хө гэжээ.
Улсын анхдугаар их хурал тавьсан зорилгоо бүрэн биелүүлж ажлаа дуусгасныг тэмдэглэж 1924 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр өргөн цайллага хийжээ. Тэр өдрийн үдэш ёслолын буудлага хийсэн агаад Улсаа тунхаглаж, анхны Үндсэн хуулиа батласан их хурлын төлөөлөгчид хөөрч догдолсон, баярлаж бахадсан сэтгэлийн угаас “БНМАУ мандтугай” хэмээн уриа цууриатуулж байсан гэдээг.