Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар хүүхдэд зориулсан номын ордон нээх ажил амжилттай хэргэжиж өнөөдөр нээлтээ хийлээ. Уламжлалт ёс заншил, аж ахуйн хэв маяг шингээсэн танхим нь ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнханд зориулсан бол шинжлэх ухаан танин мэдэхүйн танхим ахлах ангийн хүүхдүүдэд үйлчлэнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж сонсдог номоор үйлчлэх ажил хийгдэж байгаа гэнэ.

Тус номын санд ном цуглуулах аяныг "Хөгжилд хүрэх алхам" ТББ, Оюун ухааны академи хамтран зохион байгуулж иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, фэйсбүүк хэрэглэгчдээс хандивласан номуудыг нээлтийн үеэр хүлээлгэж өгсөн байна. Түүнчлэн урлаг соёлын төлөөлөл хүрэлцэн ирж хандив өргөн хүүхдүүдийн оюуны боловсролд хөрөнгө оруулалт хийжээ.