Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клуб болон “Англо Американ дэвелопмент” компани хамтран зохион байгуулсан “Байгаль орчны сэтгүүл зүйн шилдэг бүтээл 2015” уралдааны шилдэг бүтээлүүд өчигдөр шалгарлаа. Тус уралдаан хоёр дахь жилдээ болж буй бөгөөд 52 сэтгүүлчийн 60 орчим бүтээл иржээ. Сэтгүүл зүйн багш, судлаач, байгаль орчны мэргэжилтэн болон туршлагатай сэтгүүлчдээс бүрдсэн шүүгчдийн баг бүтээлүүдийг телевиз ба радио, сонин хэвлэл ба цахим хуудас, орон нутгийн хэвлэл болон гэрэл зураг гэсэн дөрвөн ангилалд хуваан шилдгүүдийг тодруулсан аж.
“Англо Американ дэвелопмент” компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Грэйм Ханкок “Энэ жилийн уралдаанд гэрэл зургийн төрөл болон орон нутгийн сэтгүүлчдийн бүтээлийг нэмсэн. Ингэснээр уралдааны цар хүрээ тэлж, байгаль орчинтой холбоотой асуудлууд олон түмний анхаарлыг илүү татах юм. Монголын сэтгүүлчид байгаль орчны тухай нийтлэл, нэвтрүүлгийг жил ирэх тутам илүү сайн хийж байгаад бид баяртай байна” гэв.

Телевиз, радиогийн төрөлд “Эко” телевизийн сэтгүүлч Э.Ган-Очир “Шувуудын амьдрал” нэвтрүүлгээрээ тэргүүлж, МҮОНРТ-ийн Р.Хонгорзул “Бат оршиг” бүтээлээрээ удаалжээ. Сонин хэвлэл, цахим хуудасны төрөлд “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмартын “Гурван улс дамнасан гэмт хэрэг буюу дэрвэгэр жиргэрүүгийн эмгэнэл” цуврал бүтээл тэргүүн байр эзэлж, www.gogo.mn сайтын сэтгүүлч Г.Одгаравын “Цэвэрлэх байгууламжийн тухай” цуврал нийтлэл дэд байрт оров. Түүнчлэн гэрэл зурагчдаас “Засгийн газрын мэдээ” сонины зурагчин Б.Ганбаярын бүтээл тэргүүлж, “Өнөөдөр” сонины зурагчин Э.Харцагын бүтээл удааллаа. Мөн орон нутгийн хэвлэлүүдээс Сүхбаатар аймгийн “SB” телевизийн сэтгүүлч Ц.Энхбаатарын “Элгэн чулуу битгий түү, ээж чинь үхнэ шүү” бүтээл шалгарч, “Архангайн амьдрал” сонины сэтгүүлч Ц.Өнөрцэцэгийн “Ногоон хот гэж лоозогносоор байтал хогон хот болох нь ээ” бүтээл дэд байрт орлоо.

“Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт “Хүмүүс ашиг хонжоо олох зорилгоор дэрвэгэр жиргэрүү болон байгалийн нэн ховор ургамлуудыг БОНХАЖЯ-наас баталсан хэмжээнээс хэтрүүлэн хууль бусаар түүж, Хятад руу гаргаж байсан сүлжээний мөрөөр явж, цуврал нийтлэл гаргасан. Энэ цуврал маань эхнээсээ үр дүнд хүрч, өнгөрсөн долоо хоногт Н.Батцэрэг сайд дэрвэгэр жиргэрүүг таван жил хилээр гаргахыг хориглосон. Тиймээс энэ бол бидэнд маш үнэ цэнэтэй ирж байгаа шагнал юм. Энэ уралдааныг зохион байгуулж, сэтгүүлчдэд урам өгсөн Хэвлэлийн хүрээлэн болон “Англо Американ дэвелопмент” компанийнханд талархлаа илэрхийлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Нийт 14 сая төгрөгийн шагналтай тус уралдааны тэргүүн байрын шагналтанд цом, өргөмжлөл, хоёр сая төгрөг гардуулсан бол дэд байрын эздийг өргөмжлөл, 1.5 сая төгрөгөөр урамшуулсан юм.
