Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилтийг ирэх оны эхээр эцэслэн шийдэхийг “Reuters” уламжлав. “Rio Tinto”-гийн Зэс, нүүрсний группийн захирал Жан Себастьян Жак “Тогтвортой байдал бидэнд чухал. Энэ цаг үе одоо ирж байна гэж бид итгэж байна” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр “Далд уурхайн санхүүжилтийг ирэх оны эхээр шийдвэрлэх боломжтой гэж бид тооцож байгаа” гэж хэлсэн байна. Оюутолгойн үнэ цэнийн 80 гаруй хувийг агуулж буй далд уурхайн төслийг хэрэгжүүлснээр дэлхийн зэсийн 10 том ордын нэг болох талаар дээрх цахим хуудсанд тэмдэглэсэн байна. Жан Себастьян Жак “Хятадын эдийн засаг суларсан, нийлүүлэлт ихэссэнэээс үүдэн зэс болон бусад таваарын үнэ богино хугацаанд хямдарч байгаа. Нийлүүлэлт нэмэгдсэнээс шалтгаалж зэсийн үнэ сүүлийн зургаан жил гаруйнхаа доод түвшинд хүрсэн. Харин 2-3 жилийн дараа зах зээлд хомсдол үүсэх төлөвтэй” гэсэн байна. Энэ аравны эцсээр зах зээлд зэсийн хомсдол бий болж магадгүйг “Rio Tinto”-гийнхон өмнө нь мэдээлж байсан юм. Далд уурхайг ашиглалтад оруулснаар “Оюутолгой” компанийн үйлдвэрлэлийн өртөг өрсөлдөхүйц түвшинд хүрэх учиртай. Бүтээн байгуулалтын ажил дунджаар 5-7 жил үргэлжлэх юм.
Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг энэ онд багтаан шийдэх талаар “Оюутолгой”-н санхүүгийн тайланг энэ сарын эхээр танилцуулах үедээ “Turquoise Hill Resources” мэдээлж байсан ч ийнхүү ирэх оны эхэн хүртэл хойшилж буй бололтой.
Ц.Болормаа