Арваннэгдүгээр сарын 27
- Григорийн тооллын 331 дахь өдөр. Мөн он дуустал 34 өдөр үлдэж байна.
- Өнөөдрөөс эхэлж хүйтний эрч бага багаар буурч байгаа юм байна. Өдөртөө -10 хэмийн хүйтэн байх бол шөнөдөө -19 градустай байх нь ээ.
- Билгийн тооллын 17, гөрөөсөн толгой одтой, улаагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ засуулах буюу авахуулбал өнгө зүс доройтож мэдэх муу өдөр гэнэ. Эл өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаарай. Мөн эл өдөр сахил санваар авах, балгадын суурь тавих зэрэгт муу хэмээн од эрхэс зөвлөж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш урьд өдрүүдийнхээс бага зэрэг буурч 1993.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад юань 312.30 төгрөг, рубль 30.70 төгрөг, вон 1.72. төгрөг болж бага зэрэг буурчээ.
- 11.30 цагаас Монгол Ньюс мэдээллийн төвд АНГДХолбооноос МАН-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлж байгаа тухай мэдээлнэ.
- “Авьяаслаг Хэнтийчүүд-2015” урлагийн их наадам маргааш эхэлнэ
Монголын залуучуудын холбооны 2014 оны шилдэг орон нутгийн залуучуудын байгууллага Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбоо “Авьяаслаг Хэнтийчүүд-2014” урлагийн анхдугаар наадмыг 2014 оны арваннэгдүгээр сард амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ жил тус наадмыг хоёр дахь жилдээ энэ сарын 27, 29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. - Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 09.30 цагаас Төрийн ордонд болно.
- Нийслэлийн дагуул хот Багануурын Захирагчийн тангараг өргөж, ажлаа хүлээж авах хүндэтгэлийн ажиллагаа Багануур дүүрэгт болно.
- Нийслэлд авто худалдаа эрхэлж байгаа 8000 гаруй иргэд шинээр баригдсан авто худалдааны цогцолбор руу хүчээр нүүлгэх шийдвэр гаргасан Хотын дарга Э.Бат-Үүлийн А/980 тоот захирамжийг эсэргүүцэн 10.00 цагаас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн гадна жагсаал цуглаан зохион байгуулах гэж байна. Хүчээр нүүлгэн шилжүүлэх асуудлыг эсэргүүцсэн шүүх хурал уг өдрийн 10.30 цагаас эхлэх тул үүнтэй зэрэгцэн эсэргүүцлийн цуглаан зохиож байгаа юм.
- Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн Брэнд бүтээгдэхүүн шалгаруулах арга хэмжээ Драгон төвийн 1 давхрын зааланд болно.
- Шарын гол" ХК-ийн 50 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн Баянгол зочид буудлын урд "ЛАНДМАРК оффис"-т 18.00 цагт болох юм байна.
- 10.00 цагаас Нийслэлийн иргэний танхимд "ХЭРЭГЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ ХҮНС" ҮЙЛДВЭРЛЭГЧ" дотоодын аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа болно.
- Энэ өдөр дэлхийн хуудаснаа: Өнөөдөр бол Уугуул Америкчуудын өв соёлын өдөр юм байна.
- БНСУ-ын алдарт хөвгүүдийн EXO хамтлагийн гишүүн, реппер, ая зохиогч Park Chanyeol 1992 оны энэ өдөр мэндэлжээ.
- Хонконг-Америк гаралтай жүжигчин, бие хамгаалах урлагийн мастер Bruce Lee 1940 оны энэ өдөр мэндэлж байжээ.
- Энэ жилийн Америкчуудын “Хар баасан гариг” буюу BLACK FRIDAY хямдралтай худалдаа явагдаж байна.