Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүх өчигдөр хуралдаж, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалыг тус яамны дэд сайд асан Ж.Амарсанаагийн нэр төрд санаатайгаар халдсаныг тогтоожээ. Энэ тухай Ж.Амарсанаа өөрийн фэйсбүүк хуудсанд “Н.Удвал сайд С вирусийн эмийн асуудлаар УИХ дээр намайг гүтгэсэн болохыг Монголын шүүх тогтоож өглөө. Олон сар шаналж байсан юм. Үнэн мандтугай” хэмээн бичсэн байв.
Өнгөрсөн жилийн аравдугаар сард Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны нэгэн хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал дэд сайдыгаа элэгний С вирусийн эмийг хоёр дахин өндөр үнээр буюу 1800 ам.доллараар оруулж ирэх гээд байгаа тухай олон нийтэд мэдэгдсэн юм. Түүнчлэн өөрийг нь өнөөх эмээ борлуулахын тулд С вирустэй хүмүүсийг өрөөндөө бүртгэж байгаа тухай цуурхал тараасан гэж үзээд Ж.Амарсанаа нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан аж.