Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр 2014 оны нэгдүгээр сарын 23-нд ИТХ-ын ээлжит чуулганы индрээс мэдэгдэл хийх үеэрээ “Багшийн дээдийн автобусны буудлын дэргэдэх “Сонор плаза” гэх барилга нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өмч”, Чингис хааны нэрэмжит талбайд болсон МАН-ын цуглааны үеэр “...хотын дарга өөрөө Хандгайтад 5 тэрбумын хаусанд амьдарч байна...” зэргээр гүтгэлгийн чанартай үндэслэлгүй мэдээлэл тараасан. Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус шүүхээс НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаярын хэлсэн үгийг гүтгэлэг хэмээн үзэж, яг энэ мэдээлэл тараасан хэлбэрээрээ хотын даргаас уучлалт гуйж, нэр төрийг нь сэргээх шийдвэр гаргажээ. Тэгвэл өнөөдөр болсон нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдааны үеэр төлөөлөгч Г.Ганбаяр нийслэлийн Засаг даргын талаар үндэслэлгүй, худал мэдээлэл тарааж, гүтгэснээ хүлээн зөвшөөрч албан ёсоор уучлалт гуйсан байна.