Увс аймгийн Улаангом сумын II цогцолбор сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн ес нь хоолонд хорджээ. Энэ сарын 19-нд тэдний гэдэс нэгэн зэрэг өвдөж, хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн тул яаралтай тусламжийн эмч дуудан үзүүлэхэд Нэгдсэн эмнэлэгт яаралтай хэвтүүлэн, хордлого тайлах эмчилгээ хийж байгаа аж. Тухайн өдөр дотуур байрнаас сурагчдад өгсөн хоолны дээжийг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өгөн шинжлүүлж байгаа аж. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн биеийн байдал одоо хэвийн болсон гэнэ. Энэ сарын 25-нд аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нэгдсэн эмнэлгийн эмч нар дотуур байрны 130 гаруй хүүхдэд үзлэг шинжилгээ хийхэд өөр 23 хүүхэд хордлоготой байж болзошгүй шинж тэмдэг илэрчээ. Дотуур байранд нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүнүүд, гал тогооны өрөөнөөс авсан сорьц, дээжүүдэд хийж буй шинжилгээний хариу өчигдөр гараагүй байв.
Уг дотуур байр 75 хүүхдийн хүчин чадалтай ч хөдөөний сурагчдад хүрэлцдэггүй тул жил бүр 130 гаруй хүүхэд хүлээж авдаг юм байна. Энэ жил ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад өгөх үдийн цай, дотуур байрны сурагчдын хүнсний бүтээгдэхүүнийг Улаангом сумын ЗДТГ-аас нэгдсэн журмаар тендер зарлаж авсан гэнэ.