Дундговь аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, өвөлжилтийн асуудлыг хэлэлцлээ. Энэ сарын 16-наас хойш тус аймгийн нийт нутгаар цас орж, эрс хүйтэрчээ. Ойрын хугацаанд цас нэмж орон, улам хүйтрэхийг цаг уурчид анхааруулсаар байгаа. Өвөлжилт хүндрэхээс сэргийлэхийн тулд юу хийх талаар Онцгой комиссын гишүүд хэлэлцээд нимгэн цастай газруудыг судалж тогтоон, малчдад отор нүүдлийн зам, чиг гаргаж өгөхөөр тогтов. Дундговийн малчид аймгийнхаа өөр суманд отор хийвэл төлбөр мөнгө нэхэхгүй байх, хороо бууцаа хуваалцах, нэгэндээ туслах сэтгэлээр хандахыг малчдад ухуулж ойлгуулан, отор хийх боломжгүй, цөөн малтай айл өрхөд өвс, тэжээл авахад нь дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Цаашид отрын штаб байгуулах шаардлага тулгарч мэдэх тул онцгой нөхцөлд хэрэглэх мөнгө санхүүгийн нөөц бүрдүүлж, төсвийг урьдчилан гаргахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.