Баян-Өлгий аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй болоод буй. Өнгөрсөн зун тус аймагт зуншлага тааруу байсан тул малчид олигтой хадлан, тэжээл бэлтгэж чадаагүй аж. Тиймээс малчид улсын нөөцөд байгаа өвс, тэжээлийг зээлээр эсвэл малаар сольж авах хүсэлт гаргаж байгаа гэнэ. Сагсай, Цэнгэл, Баяннуур сумын малчдаас тус аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газарт ийм хүсэлт нэлээд иржээ. Гэсэн ч Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газраас зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд орон нутаг дахь улсын нөөцийн салбарын өвс, тэжээлийг худалдан борлуулах боломжгүй. Тиймээс малчдын хүсэлтийг дээд шатны байгууллагадаа уламжилжээ.
Тус аймагт 2012 оноос хойш дөрвөн жил хуримтлуулсан өвс, тэжээлийн нөөц бий. Үүний 20 хувийг бэлэн мөнгөөр борлуулахаар болжээ. Цаашид цаг агаар хүндэрвэл аймгийн төв, Дэлүүн, Булган сум, Сагсай сумын Даян нуур дахь нөөцийн өвс, тэжээл хүрэлцэхгүй, нэг сар л хэрэглээд дуусах аж. Сум бүр аюулгүйн нөөцөд 50 тонн тэжээл, 150 тонн өвс бэлтгэх ёстой ч ихэнх сум биелүүлээгүй гэнэ. Тиймээс сум бүрийг 30 саяас доошгүй төгрөгөөр нөөц бэлтгэхийг даалгажээ.