Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.5 дахь “Ашигт малтмалын хайгуулыг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ” гэсэн заалтыг Ашигт малтмалын газар хэрэгжүүлэхгүй байна гэж Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид үзжээ. Учир нь тус аймгийн ИТХ-ын саналыг авалгүйгээр Ашигт малтмалын газраас Баян сумын Баян хэмээх газарт “Нутгийн орд” ХХК-д 519.2 га, Бүрэн, Дэлгэрхаан сумын Жавхлант гэдэг газарт “Инфинитиспейс” ХХК-д 1916.92 га газарт хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгосон аж. Мөн аймаг, сумын ИТХ нь Лүн, Өндөрширээт сумын Цахиурт хэмээх газрын 4329.21 га-д хайгуул хийхийг “Кланүэстайн майнинг” ХХК-д зөвшөөрөөгүй байтал Ашигт малтмалын газар лиценз олгожээ. Тиймээс Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид Уул уурхайн яаманд албан бичиг илгээн, лиценз олгохдоо аймгийн Засаг даргаас санал авах, тусгай зөвшөөрөл олгосон, эсэхээ мэдээлэх, орон нутаг татгалзсан нөхцөлд зөвшөөрөл олгосон бол учир шалтгаанаа тайлбарлаж байхыг Уул уурхайн сайдаас хүссэн байна.