Говь-Алтай аймгийн төвд сүүлд барьсан 32 айлын хоёр орон сууцны 160 гаруй оршин суугч гэртээ халаагуур залгаад, үстэй дээл, эсгий гуталтай сууж байна. Тус аймагт арваннэгдүгээр сар гарснаас хойш олон удаа цас орж, эрс хүйтрэн, шөнөдөө 30 градус хүйтэн хонож байгаа гэнэ. Гадаа хүйтэн, гэрт халаалтгүй байгаагаас дээрх байрны цонхнууд цантаж, хана, тааз нь чийг даан мөөгөнцөртсөн байна. Ийм нөхцөлд хүн тогтох аргагүй учраас оршин суугчдын олонх нь хамаатан, садныдаа толгой хоргодож байгаа аж. Очих ах, дүүгүй зарим нь гэртээ халаагуур залган, хамгийн дулаан хувцастайгаа сууж байгаа ч зутарч, хавагнан, настай хүмүүсийн даралт ихсэн, ой хүрээгүй нялх хүүхдийн чих үрэвссэн тухай мэдээлэл манайд ирлээ.