Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон уг албан тушаалд томилогдсоныхоо дараа Н.Энхбаярын бие хамгаалагчаар ажиллаж байсан Э.Бямбажав болон өөрийн найз архитектор мэргэжилтэй Ж.Алтансүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаа, онцгой байдлын албанд ажиллаж байсан Т.Мөнхнасан зэрэг хүмүүсийг БХЯ-ны хариуцлагатай албан тушаалд томилсон байв.
Тэгвэл түүний хийсэн томилгоонууд Төрийн албаны тухай хууль зөрчсөнийг Төрийн албаны зөвлөлөөс тогтоож, улмаар хууль бус томилгоонуудаа хянан үзэж өөрчлөхийг шаардсан аж.
Төрийн албаны зөвлөлийн шаардлагыг нэлээд удаасны эцэст саяхан биелүүлж, Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Ж.Алтансүхийг албан тушаал бууруулан тус газрын тасгийн дарга болгосон байна.
ТАЗ-өөс илгээсэн албан бичигт “Ж.Алтансүх нь архитектор мэргэжилтэй бөгөөд төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан туршлагыг нотлох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлээгүй болно.
Тиймээс БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргад нэр дэвшигчид Төрийн албаны зөвлөл дүгнэлт гаргах боломжгүй. Энэ ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх нь зүйтэй” гэжээ.
Харин Батлан хамгаалахын сайд саяхан томилгоо хийж, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хошууч генерал З.Болдбаатарт Ж.Алтансүхийн ажлыг өгсөн гэдгийг тус яамныхан баталлаа.
Г.ЦОЛМОН