“Зүб гол”, “Халнит”, “Сонголдо”, ДБТХ компани хаягдлын далангаа 2015.11.01-нд
сэтэлж, бохир усаа Хүдэр голд нийлүүлж байгаа нь
Монгол Улсын хойд хил дээр, Хан Хэнтийн нурууны хойд суганд байрлах, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрийн 61.8 хувийг ой эзэлдэг. Гэвч энэ ой араатан амьтад, жигүүртэн шувууд, ус, ургамалтайгаа зөвхөн зураг, дурсамжинд л үлдэж мэдэхээр болжээ. Энэ талаар “Хүдэр гол” төрийн бус байгууллагын тэргүүн Р.Энхсайхантай ярилцлаа.
-Хүдэр голоор ус биш шавар урсаж байна гэх юм. Юу болоо вэ?
-Энэ оны есдүгээр сарын 20-доос Хүдэр гол шавраар урсаж эхэлсэн. Энэ голын хөндий болоод түүнд цутгадаг гол, горхиудын эхээр уул уурхайн компаниуд алт олборлож байгаа. Алт нь усны эх, голын гольдрол дотор байгаа. Ийм газарт уул уурхайн олборлолт явуулахаар гол, горхи ширгэж, намаг хатаад байгаль орчин сүйдэж дууслаа. Манай Хүдэр гол бүхэлдээ намаг.
Намаг бол ус, чийгийг тогтоон барьж байдаг, олон амьтны амьдралын эх үүсвэр болдог чухал газар. Хадран, зэвэг, цурхай, гутаар гэх мэт маш олон загас, ондатор Хүдэр голд байдаг. Тогоруу, ангир, тоодог, халиун буга, хандгай, баавгай, зэрлэг гахай, баданги хүдэр, бор гөрөөс гэх мэт олон төрлийн амьтадтай.
Замбараагүй, хариуцлагагүй уул уурхайн уршгаар энэ олон амьтан хорогдож, амьдрах газар нутаггүй болон дайжиж байна. Энэ зун Хүдэр голын сав газарт 100 гаруй экскаватор ажилласан. Үүний 60 гаруйг Цэнгэл, 50 орчмыг нь Хэрсийн гол дагуу ажиллуулж, алт олборлосон. Энэ олон техникийн тос, шатахуун асгараагүй гэх баталгаа байхгүй.

Цэнгэл голын эрэг дагуух ойг “Золотая корона” ХХК экскаватороор түрж байна
Компаниуд гол дагуу 25, 50 тоннын түлшний торхнууд тавьчихсан. Тэнд ажилласан 200 гаруй хүний хог, бохир байгаль орчин бохирдуулж, тэд голд хирээ угааж байна. Манай сумын иргэд уг нь голоос ундны усаа авдаг байсан юм. Одоо уух нь байтугай мал услах аргагүй болсон учраас малчид хүртэл худгаас усаа авч байна.
Манай сумын хаана ч 50 см-ээс нэг метр ухаад хөрсний ус гарч ирдэг. Тэр усыг соруулах явцдаа алттай шороогоо авдаг. Хүчтэй техник байхгүй л бол нинжа гар аргаар алт олборлож чаддаггүй газар.
-Танай суманд ямар ямар компани юу олборлодог юм бэ. Бүгд зөвшөөрөлгүй юм уу. “Урт нэртэй” хуулийн дагуу компаниуд голын эргээс 200 метр зайтай газарт үйл ажиллагаа явуулж байгаа биз дээ?
-Манай суманд 21 компани уул уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй. Тэдгээрээс тав нь өнгөрөгч зун, намар үйл ажиллагаа явууллаа. Ашиглалтын лицензтэй ч үйл ажиллагаа явуулаагүй компани бий. Зургадугаар сард 18 лиценз байсан, есдүгээр сард гурван лиценз нэмэгдээд 21 болсон.
“Золотая корона” ХХК долдугаар сараас алт олборлож эхлээд таван га талбайн нарс, гацуур, хус зэрэг модыг сүйтгээд байна. Энэ компани өмнө нь лицензтэй байсан ч “Урт нэртэй” хууль батлагдсанаар үйл ажиллагаа нь зогссон юм.
Гэсэн ч “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд УИХ хавар өөрчлөлт оруулснаар долдугаар сараас дахин үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаад дундуур нь зөвшөөрлөө хөөцөлдсөн. Есдүгээр сарын 9-нд “Ашигт малтмалын газраас манай тусгай зөвшөөрөл гарлаа” гэж бидэнд хэлсэн.
7-9 дүгээр сард ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр алт олборлосон гэсэн үг. “Золотая корона” модон дундуур газар ухаад гол салаалчихсан. Эдний үйл ажиллагаа явуулж буй газарт хаягдлын гурван далан бий. “Зүб гол” ХХК гэж бий. Эднийх “Халнит”, “Сонголдо” гэдэг хоёр компанийг туслан гүйцэтгэгчээр авчраад зургадугаар сарын 20-доос алт олборлож эхэлсэн.
“Зүб гол”, “Халнит”, “Сонголдо”, ДБТХ компани Хүдэр, Цагаан зүр гол дагуу үүсгэсэн 12 далангаа энэ сарын 1-нд сэтлээд шороотой бохир усыг нь голд нийлүүлчихсэн. Хоёр удаа голд алт угаахад нь зогсоосон.
Хайгуулын лицензтэй “Агро корп” ХХК Цагаан зүр голын эх болох Нуурын тагт гэдэг газарт хайгуул хийхдээ хэсэг газар ухаж, мөн л алт олборлосон. Энэ компанийн бичиг баримт бүрэн байсан. “Бүүргэнт” ХХК гэж бий. Гэхдээ нэг их үйл ажиллагаа явуулаагүй.
ДБТХ компани уул уурхайн олборлолт явуулж байгаа, гэхдээ мод унагаж ой сүйтгээгүй. Төмөртэй голын эх, Соронзон хадны орчмыг “Эрдэс групп” ХХК ухаад дуусгасан. Хүдэр гол уг нь уулынхаа зүүн талаар урсдаг байсан юм.
Ерэн хэдэн оны үед алт олборлохдоо голын гольдролыг өөрчилж, уулынхаа баруун хаяагаар урсдаг болгочихсон юм. Одоо бол эргийг нь юу ч үгүй ухаад, дуусгасан, юун 200 метр.
1990-ээд онд бульдозероор түрж, хөрсийг нь эргүүлээд алтыг нь олборлосон юм. Тэр үед технологи муу байж. Үлдсэн алтыг нь одоо хүмүүс шүүж авахаар ухаад дуусгасан.

Цэнгэл голыг “Золотая корона” ХХК ой дундуур салаалжээ
-Хэчнээн хэмжээний газрын ойг сүйтгэсэн юм бэ. Нэг мод унагасан бол оронд нь 10-20 мод нөхөж тарих ёстой шүү дээ. Төлбөр төлүүлсэн үү?
-Эдгээр компани ойн мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж, огтолсон модныхоо оронд 10-20 мод тарих нөхөн сэргээлтийн төлбөр төлөх ёстой. Ингэхгүйгээр дураараа экскаватороор мод унаган, шороогоор булж байна. Долдугаар сарын байдлаар 10-аад га газрын мод сүйтгээд байсны долоо га-д нь мэргэжлийн байгууллага албан ёсны дүгнэлт гаргаж, ой сүйтгэснийг нь тогтоосон.
Түүнээс хойш сүйтгэсэн ойн хэмжээ одоо 10 гаруй га болж нэмэгдээд байна. Хүдэрт “Монголын улаан ном”-нд орсон жодоо ургадаг. Энэ ховор модыг сүйтгэж байна. Эдгээр компани байгаль орчны нарийвчилсан үнэлгээ заавал хийлгэсэн байх ёстой. Гэтэл ийм үнэлгээ огт үзүүлээгүй.
Орон нутгийн иргэдийн саналыг авч, тэр үнэлгээнд тусгасан байх ёстой. Хүдэр сумын иргэдээс ямар ч зөвшөөрөл аваагүй. Тиймээс нутгийн иргэд, малчид хууль бусаар алт олборлон, байгаль орчин сүйтгэж байгаа эдгээр компанийг эсэргүүцэж байгаа.
Үүнээс гадна байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөөгөө Засаг даргаар батлуулаад, сумтай гэрээ байгуулах ёстой. Сумын ЗДТГ-тай эдгээр компани энэ жил гэрээ хийгээгүй, ямар ч хөрөнгө мөнгө оруулаагүй.
Сумын байгаль орчны байцаагч, цагдаатай хамтраад олон удаа газар дээр нь очиж шалган, 20 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулсан. Долоон га талбайн ойг нөхөн сэргээлгэхээр төлбөр ногдуулсан. Мөнгөө төлчихвөл болдог гэж уул уурхайнхан ойлгоод байна. Тийм биш.
Эхнээсээ л бүх зөвшөөрлөө аваад, байгаль орчин сүйтгэхгүйгээр ажиллах ёстой байтал тэгэхгүй, хууль зөрчөөд байна. Гэтэл аймаг эдгээр компаниас газар, ус ашигласны төлбөр авчихсан байна лээ.
-Газар, ус ашигласны төлбөрийг аймаг авчихсан гэхээр эдгээр компанид танай аймгийн Засаг дарга болоод холбогдох байгууллагууд зөвшөөрөл олгочихсон юм биш үү?
-Хүдэрт уул уурхайн компаниуд ямар ч зөвшөөрөлгүйгээр, хууль зөрчин, байгаль орчин сүйтгэж байгаа талаар аймгийн холбогдох байгууллагуудад удаа дараа мэдэгдсэн л дээ. Гэвч дорвитой арга хэмжээ авдаггүй, үйл ажиллагааг нь зогсоодоггүй. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, уул уурхай хариуцсан байцаагч “Бид 7-8 удаа шалгалтаар очсон” гэсэн хариу өгсөн.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ч “Манайх хуулийн дагуу авах бүх арга хэмжээгээ авсан. Хамгийн эцсийн торгуулиа ногдуулсан. Үүнээс цааш ямар ч арга хэмжээ авч чадахгүй” гэсэн байна лээ. Манай аймгийн цагдаа, мэргэжлийн хяналтынхан тэнд очиж шалгадаг ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учраас уул уурхайн компаниуд хууль бус үйл ажиллагаа явуулсаар, ой сүйдэж, гол шавраар урсаад байна.
“Загасны хайрс шавартай байна”, “Голын чулуун дээр хуруу хэрийн зузаан шавар тогтчихсон байна” гэж иргэд бидэнд мэдээлж байна.
-Одоо тэгээд та бүхэн яах гэж байна вэ?
-Хүдэр сум хоёр багтай. Тарвагатай багийн иргэдийн нийтийн хурал саяхан болж, гол, намагтай газарт алт олборлохыг зогсоох тогтоол гаргалаа. Одоо Баянцагаан багийн нийтийн хурал болно. Бас ийм тогтоол гаргах байх. Энэ хоёр тогтоолыг сумын иргэдийн хурлаар арванхоёрдугаар сард хэлэлцүүлж, Ашигт малтмалын газар, БОНХАЖЯ-нд уламжилна. Нижийн голд алт олборлоод, байгалийг нь дуусгалаа.
Цагаан зүр, Могойт, Зэрлэг, Бүдүүн, Шоргоолж, Цогт буюу Уялаг, Хүдэр гол дагуу алт олборлож буй компаниудын үйл ажиллагааг зогсоохыг иргэд хүссэн. Малчид хавар жагсана гэж байгаа. Иргэд ингэж шүүмжилж байна, “Энгийн иргэн мод ачаад явж байвал цагдаа барьж аваад, эрүүгийн хэрэг үүсгэчихдэг.
Хашааныхаа шургаагийг солих гэж хэдэн мод авсан хүнийг ч зүгээр өнгөрөөдөггүй, цагдаа, мэргэжлийн хяналтынхан ажлаа маш сайн хийдэг. Гэтэл бульдозер, экскаватороор ногоон моддыг хэдэн зуу, мянгаар нь түрж унагаад, голын усан дотроос алт олборлон, гольдрол өөрчлөөд байхад тэд хараагүй юм шиг өнгөрөөгөөд байх юм.
Эрх мэдэл, мөнгөний өмнө цагдаа, мэргэжлийн хяналт ямар ч ажил хийдэггүй” гэж. Тэр моддыг шороон дор булчихлаа ч тэнд ой байсан гэдгийг бүгд мэднэ шүү дээ.
Х.БОЛОРМАА
