УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2015.11.27/-ийн хуралдаанаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, олонхын саналаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн 2015.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тэмдэглэхийг дэмжиж байсан ч цагаатгах асуудлыг хамтатган хэлэлцэж байгааг буруутгаж байлаа. Тухайлбал, Ш.Түвдэндорж гишүүн “Энэ хүний алдаа, оноог ард түмэн мэднэ. Цагаатгах эсэх асуудлыг ард түмэн сэтгэл зүрхээрээ шийднэ биз. УИХ-аас гаргах гэж буй тогтоол, заалтууд нь хуульд нийцэхгүй байна. Иймд би хууль зөрчин батлах гэж буй тогтоолын төслийн санал хураалтад оролцохгүй” гэдгээ мэдэгдэн чуулганы танхимыг орхин гарсан бол УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Энэ асуудлыг улс төрийн хэлмэгдэл гэж үзэж байгаа бол үүнийг эхлээд шүүхээр тогтоох ёстой. Жишээлбэл, “ногоон нүдэн лам” иргэн Баасангийн хэрэг, Лоохууз гуайн хэргийг УИХ-аар хэлэлцээгүй. Гэхдээ шүүхийн шийдвэргүйгээр жалгаараа буудуулчихсан хүмүүс зөндөө байдаг. Тэр хүмүүс ингэж хэлмэгдэж, хохирсон гэдгийг үр хүүхэд нь нотлоод шүүхэд хандаж, тогтоол гаргуулж чадвал цагаатгах асуудлыг улсын комисс авч үздэг.” хэмээн дэмжихгүй байгаагаа тайлбарласан юм. Түүнчлэн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Үндэсний цөөнх буюу буриадуудын нэрийн өмнөөс энэ тогтоолын төслийг дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье. Олон мянган буриад хэлмэгдсэн, тэдний асуудлыг шийдвэрлээгүй байж энэ хүнийг цагаатгах тухай ярих нь зохисгүй. Ардын нам Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн үйлдэлдээ түүний үр хүүхэд, төрөл садан, Монголын ард түмнээс албан ёсоор уучлалт гуйх ёстой. Өнөөдрийг хүртэл уучлалт гуйгаагүй байж, өнөөдөр энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа нь буруу.” гэсэн юм.
1984 онд хуралдсан МАХН-ын төв хорооны ээлжит бус бүгд хурлаас Ю.Цэдэнбалын байгуулсан гавъяаг магтан сайшааж түүнд гүн талархал илэрхийлсэн бол 1990 онд хуралдсан 8 дугаар бүгд хурлаараа “МАХН, Монголын ард түмний өмнө хүлээсэн үүргээ хөсөрдүүлсэн Ю.Цэдэнбалыг МАХН-ын эгнээнээс хөөсүгэй” гэсэн шийдвэр гаргаж байжээ.
http://anbuleg.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=37&id=5286