Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл энэ сарын 5-нд гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд түүний цогцсыг Хөвсгөл далайгаас олсон билээ. Ажлаа хийж явсан залуу юуны учраас амиа алдав гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоохоор ажиллаж буй. Байгаль хамгаалагчдын эрхийн талаар Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ) болон холбогдох байгууллагын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэд Т.Лхагвасүмбэрэлийн үхлийн шалтгааныг хууль хүчний байгууллагынхан үнэнээр нь тогтоож өгөхийг хүсэж буйгаа илэрхийлээд С.Зориг агсны хэрэг шиг дарагдах вий гэхээс айж байгаагаа ч нуусангүй. Мөн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг Тост, Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалттай болгоход Засгийн газар анхаарч ажиллахыг уриаллаа. Байгалиа хамгаалсан хүмүүсийг эцэст нь “Амиа хорлосон эсвэл сэтгэл мэдрэлийн өвчтөн болгодог нь энэ мэт хэрэг гарахын үндэс болж байна” гэж МБОИЗ-ийн тэргүүн С.Дамдинсүрэн хэлсэн юм.
Ч.ТУЯА