Энэ долоо хоногт улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг соёлын салбарт болж өнгөрсөн сонирхолтой, анхаарал татсан халуухан мэдээний тоймыг хүргэе.
Ирвэс хамгаалагчийн гар утсанд “Би та нараас амь гуйхгүй” гэж хэлсэн бичлэг үлджээ
“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн харамсалтайгаар бусдын гарт амиа алдсан хэрэг олон нийтийг цочроосон. Тиймдээ ч олон нийтийн цахим хуудсаар түүний хэргийг үнэн мөнөөр нь олж, холбогдох хэрэгтэнд хариуцлага тооцохыг сануулсаар буй. Гэтэл талийгаачийн гар утсанд хүмүүстэй маргалдан, “Би та нараас амь гуйхгүй” гэж хэлсэн бичлэг үлджээ. “Гар утсыг нь цагдаагийн байгууллагад өгчихсөн болохоор энэ талаар хамаагүй ярьж болохгүй юм билээ. Ямартай ч их муу бичигдсэн байсан. Утасныхаа дуу хураагуурыг асаагаад, нууцаар бичсэн байх гэж бодож байгаа” хэмээн талийгаачийн аав байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх ярьсан юм.
Үүний дараа олны эсэргүүцэл хурцдаж, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисээс хэргийг хурдан шуурхай, үнэн мөнөөр нь олохыг хүссэн бол “Гацуурт” ХК-ийн захирал Л.Чинбат хэргийг шийдэхэд туслах хэрэгтэй мэдээллийг олж өгсөн хүнд хувиасаа 10 сая төгрөг өгнө гэдгээ мэдэгдсэн юм.
Монголыг БНХАУ, ОХУ-тай холбох 214 км автозам ашиглалтад оржээ
Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх” төслийн хүрээнд Ховд аймгийн Алтайгаас Манхан сумын чиглэлд 214.1 км хатуу хучилттай авто зам тавьсныг хүлээн авчээ. Ганцхан замыг ашиглалтад оруулаад зогсохгүй нийт 137.8 ам метр, амрах хоёр талбай, 217.1 ам метр хажуугийн таван зогсоол, зургаан уулзвар, 13 гарц, 374 цэгт ус зайлуулах хоолой, 45-120 метрийн урттай төмөр бетон 14 гүүр, голын гольдирлыг залж, 14 км-т үерээс хамгаалах далан, шуудууны бетон бэхэлгээг 89.3 км-т, хад нурахаас хамгаалах ган торон хашлага 4.2 км, туузан төмөр хашлага, үер усны хамгаалалтын даланг 63.8 км газарт байгуулжээ.
“Амгалан” дулааны станцын үйл ажиллагаа доголдсон хэрэг гарчээ
“Амгалан” дулааны станцын үйл ажиллагаа доголдож 6 дугаар хороолол, Ус-15, Кино үйлдвэр, Баянзүрх дүүрэг, “Сүнжин гранд” зочид буудал, Офицеруудын ордон орчмын айлууд гурван цаг гаруй халаалтгүй байжээ. Тодруулбал, Энэ сарын 23-24-нд шилжих шөнө тус дулааны станцын зуух хэвийн ажиллаж, түгээх төвүүдэд 120 градустай халуун ус нийлүүлж байжээ. Гэвч өчигдөр өглөө 09.40 цагт зуух ажиллахаа больж, хэрэглэгчид “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хандаж эхэлсэн байна.
Зуухны үйл ажиллагаа зогссон шалтгааныг тодруулахаар Эрчим хүчний яам, ДЦС-4, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд уг дулааны станцад ажиллаж, доголдлыг засуулсан аж.
Ингээд энэ сарын 24-ний 13.00 цаг орчимд зуухыг ажиллуулж, түгээх төвүүдэд 78-80 градусын халуун ус нийлүүлж эхэлсэн байна.
Хэдийгээр зуухыг ажиллуулж эхэлсэн ч айлуудад хангалттай дулаан очихгүй байсан талаар мэдээлж байсан юм.
“Хар баасан гариг”-ийн супер хямдралууд
Америк маягийн Хар Баасан гариг хэмээх супер хямдрал нь Монгол Улсад анх удаа энэ сарын 26-наас 27-ыг шилжих шөнө Номин Юнайтед их дэлгүүрт болсон. Энэ шөнө электрон бараа, гэр ахуйн бараа, гоо сайхан, бугуйн цаг, хувцас, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн, америк хүнс, герман обойны олон олон онцгой бараанууд супер хямдралд өртсөн байна. Энэхүү хямдрал нь ердөө дөрөвхөн цагийн турш үргэлжлэх бөгөөд 26-ны орой 22 цагаас эхэлхэн аж. Гэтэл тус хямдрал иргэдийн хүлээсэн хүлээлт шиг байсангүй. Тоотой хэдхэн бараа хямдарсан байсан нь дандаа эрэлт муутай бүтээгдэхүүнүүд байсан талаар иргэд ихээхэн гомдоллож байгаа аж. Үүгээр ч зогсохгүй 27-ны өдрүүдэд олон байгууллагууд хямдрал зарласан байна.
Долоон хүн хуурамч архинд хордож нас баржээ
ОХУ-ын Красноярск хотод долоон иргэн хуурамч архинд хордож нас барсан бол 35 хүн хордлогод оржээ.
Монгол Улс болон ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш хилээр нэвтрэх иргэдийн урсгал эрс нэмэгдсэн. Хүний аминд хүрсэн хуурамч архинууд Эрхүү болон Улаан-Үд хотуудад тархсан учраас монголчуудыг ч бас сэрэмжтэй байхыг МХЕГ-аас санууллаа.
Шинэ жилийн баяр дөхсөн энэ үед иргэд ОХУ-руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос оросын алдартай виски, коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг онцлон анхааруулжээ.
Зарим орон сууцны халаалт доголдож буйн шалтгааныг тайлбарлалаа
Зарим орон сууцны халаалт доголдож буйн шалтгааныг Улаанбаатар шугам сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд тайлбарлажээ. Тэдний хэлж буйгаар “Дулааны цахилгаан станцууд болон Диспетчерийн үндэсний төвөөс гадна агаарын хэмтэй уялдуулан баримтлах сүлжээний программыг станцууд дээр өгч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар дулааны 2, 3, 4, Амгалан дулааны станцууд өвлийн их ачааллын горимд шилжсэн байна.
Агаарын температурын хувьд шөнөдөө -25 хэмээс буухгүй, өдөртөө -20 хэмээс буурахгүй байгаа энэ үед сүлжээний усны температурыг 118-120 хэмд тогтвортой барьж ажиллаж байгаа. Дулаан дамжуулах төв магистраль шугамууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, даралт хөргөх насосны таван станц өвлийн горимд шилжсэн байгаа аж.
Монголчууд тусгаар тогтнолоо баталсан өдөр тохиолоо
1924 оны 11 сарын 26-ны өдөр тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт өдрийг тохиолдуулан МАН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид, жирийн иргэдийн төлөөлөл Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.
Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа Тусгаар тогтнолын ордны их танхимд хүндэтгэлийн арга хэмжээг МАН-аас зохион байгуулсан юм. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж МАН-ын дарга М.Энхболд үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ “Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг өргөн буюу харьцангуй цогц утгаар тавьж, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй болохыг өрнө, дорнын сонгодог ардчилсан орнуудаас ч өмнө хуульчилсан байдаг. Зарим нэг хязгаарлагдмал заалт байсан хэдий ч БНМАУ-ын анхны Үндсэн хууль түүхэн тодорхой нөхцөл, оюунлагийн төвшин, тухайн нийгмийн харилцааны шууд тусгал байсан юм” гэлээ.
Цагдаагийн хошууч эмэгтэйг аавынх нь хамт хөнөөжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц-г хутгалж хөнөөсөн хэрэг энэ сарын 26-ны шөнө 02.00 цагийн үед гарчээ. Энэ хэргийг гэр бүлийн маргаан, хувийн өс хонзонгийн сэдлээр үйлдсэн байж болзошгүй гэж эх сурвалж мэдээлсэн аж.
Тодруулбал, энэ хэрэгт сэжиглэгдэж буй этгээд нь хохирогчийн төрсөн дүүгийн найз залуу Б гэнэ. Түүнийг дүүтэйгээ суулгахгүй гэсэн тул ийнхүү харгис гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Сэжигтэн шөнийн цагаар гэрт нь очиж хохирогч Ц-ээс гадна аавыг нь хутгалж хөнөөжээ. Мөн ээж, ахыг нь ч хутгалсан байна. Гэмтсэн хүмүүс одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа юм.