Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас малын хулгайтай тэмцэх зорилгоор “Малчин лавлах 109” тусгай дугаарын утасыг өнгөрсөн аравдугаар сараас ажиллуулж эхэлсэн. Тус лавлах нь бүх үүрэн телефоны дугаараас үнэ төлбөргүй бөгөөд малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулдаг юм. Тодруулбал, малчдын өгсөн алдуул болон олсон малын зарыг “Молор” телевизээр өдөрт гурван удаа, 88.8 радиогоор тогтмол мэдээлдэг байна. Мөн www.todsurag.mn цахим хуудаст малчид өөрсдөө зар байршуулах боломж бүрдүүлсэн. “Малчин лавлах 109” дугаарт өнгөрсөн хоёр сарын хугацаанд 24 хүний 40 гаруй малын сургийг гаргаж, эзэдтэй нь холбосон байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Төв аймгийн Аргалант сумын малчин Х.Барсхүүгийн наймдугаар сард алдагдсан хоёр үрээний сургийг гаргаж, өнгөрсөн сарын 26-нд өдөр эзэнд нь хүлээлгэн өгчээ.