Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөний эвсэл, “Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөн хамтран, 2012-2014 онд байгаль орчныг хамгаалах чиглэлээр УИХ юу бүтээснийг нэгтгэн дүгнэж, байгальд ээлтэй болон халтай гишүүдийг тодруулсан. Тэгвэл байгальд ээлтэй гишүүдэд өчигдөр өргөмжлөл, “Ногоон од” цом гардууллаа. УИХ-ын гишүүдийг байгаль хамгаалах талаар хууль тогтоох болон хянан шалгах бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлж буйг үндсэн таван шалгуураар дүгнэж, 2012-2014 онд байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийсэн ажил, гаргасан идэвх санаачилга, хүчин чармайлтаар нь жагсаахад Г.Баярсайхан, Л.Энх-Амгалан, Д.Ганбат, С.Одонтуяа нар тэргүүлсэн байна. Тэднээс С.Одонтуяа, Г.Баярсайхан нар өчигдөр өргөмжлөлөө гардсан юм. Г.Баярсайхан гишүүн УИХ-д сонгогдсон гурван жилийн хугацаандаа байгальд ээлтэй гишүүнээр дараалан сонгогдож байгаа бол бусад нь анх удаа өргөмжлөгдөж буй гэнэ.
Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Д.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар харин байгальд хамгийн халтай байжээ. 2012-2014 онд байгальд ээлтэй гурван хууль баталж, нэг хууль санаачилж, байгаль орчны асуудлаар төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд 11 удаа асуулга, зургаан удаа асуулт тавьж, байгаль орчны хуулиудыг хэр хэрэгжүүлж буйг гурван удаа шалгажээ. Мөн 2013 оны намрын чуулганаар байгальд ээлтэй нэг ч хууль санаачилж, батлаагүй тул байгальд хамгийн ээлгүй чуулган гэж зарлахад хүрсэн байна. “Бүхэл бүтэн дөрвөн чуулган хуралдах хугацаанд ийм үр дүнтэй ажилласан нь Монгол орныхоо байгалийг хамгаалах хүсэл, хүчин чармайлт гаргадаггүй, байгальд хамгийн халтай УИХ энэ удаагийнх болохыг харуулж буй” гэж тэд хэллээ. Уг шалгаруулалт ямар нэгэн нам, эсвлээс ангид, сонгуулийн шоу биш, УИХ-ын Тамгын газартай хамтран явуулдаг, байгаль орчны асуудалд төрийн түшээд хэрхэн хандаж буйг үнэ мөнөөр нь харуулах зорилго бүхий үйл ажиллагаа болохыг зохион байгуулагчид тэмдэглэсэн юм.