Монгол Улсын Ерөнхий сайд нэг сүрхий айдастай. Тэр нь Ардчилсан нам. Өөрөөр хэлбэл, тэр нь улс төр дэх Ч.Сайханбилэгийн ганцаардал гэж хэлбэл илүү тодорхой. АН-ын тэргүүлсэн үе үеийн Засгийн газрын мөрөөдөл ганцхан “Тавантолгой” төсөлд оршиж байв.
Ч.Сайханбилэгийн танхим эмхлэгдсэнээсээ хойших нэг жилийн хугацаанд мөн л Тавантолгойгоо хөдөлгөх сайхан горьдлого тээсэн боловч АН-ын байгуулсан фракцуудын тэмцэл буюу Бага хаадын систем дотор том төсөл таг гацаатай.
АН-ын лидерүүдийн нэг “Женко” Х.Баттулга яг голыг нь олж хэлсэн байдаг. “Тавантолгойг хэн авах вэ гэсэн эрх мэдлийн тэмцэл явж байна аа” гэж. Үнэхээр ч АН-ынхан тэнхээ мэдэн зодолдож байгаа.
Ерөнхий сайд ганцаардлаас айхаараа дуран авайтай ханьсан, олон нийтээс дэмжлэг хайдаг сэтгэл зүйн сонин зуршилтай болжээ. Энэ удаа дахиад л Ч.Сайханбилэгийн ганцаардал сэдэрч, ээлжит илтгэлээ тавилаа.
Бүхэл бүтэн гүйцэтгэх засаглалын тэргүүн байтал Ч.Сайханбилэгийг ийм нэгэн зовлон Ерөнхий сайдын тамга, тэмдгээ атгасан цагаас нь хойш ээрсэн билээ. Түүний Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх бичигт гуравхан хүний гарын үсэг дутуу байгаа бөгөөд энэ зорилгод нэгдсэн 13 эрхэмд ч бас илтгэлээ зориулжээ.
Бүгд найрамдах засаглалын анхны Үндсэн хуулиа баталсан арваннэгдүгээр сарын 26-ныг энүүхэндээ тэмдэглэх, үгүйн хооронд эргэлдэж байх зуур дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд Монгол Улсын Ерөнхий сайдын ганцаардлыг сэдрээх үйл явдал болжээ. Энэ удаа Оюутолгойн сэдэв хөндөгдөв.
Австралид болсон эдийн засгийн форумын үеэр манай улсад хаяглан мэдэгдэл хэлсэн “Рио Тинто” группийн Зэс, нүүрсний салбар хариуцсан гүйцэтгэх захирал Жан Себастъян Жак Ч.Сайханбилэгийн илтгэлийн “буруутнаар” тодорч байна. 4.2 тэрбум ам.доллар босгочихоод овоо амжилттай яваа топ менежер Монголын Ерөнхий сайдаас дутуугүй зовлонтой явна.
Тэрбээр “Манай компани “Оюутолгой” төсөлд маш тогтвортой бодлого явуулдаг. Харин Монголын тал “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхэд саад болохгүй гэж найдаж байна. Бид Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд оруулах дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилтийг 2016 оны эхээр шийдэж, үүгээр далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх эцсийн шийдвэр гарна” хэмээн мэдэгджээ.
Ийм мэдэгдлийн араас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яах ёстой байсан гээч. Лав алга ташин дэвхэрсэнгүй. Аанай л ард түмнээсээ аврал эрж буйн шалтгаан бол улс төрийн дэмжлэггүй, ахиад ганцаардах, дахиад л гацахаас айж мэгдсэнийх юм. Үндсэн хуулийн, тусгаар тогтнолын баярын мэнд ч үгүй, гунигт илтгэл байсан шүү...
Жан Себастъян Жакийн хэлснээс үзвэл, “Рио Тинто” Хятадын Засгийн газар зах зээлээ хумьж, эдийн засгаа бодлогоор сааруулж буй болон дэлхийд зэсийн ханшийн уналт үргэлжилсээр байгаагаас илүүтэй Монголын улс төрийн тогтворгүй байдлаас айж байна. “Гэхдээ салхи хаашаа ч эргэж болох юм” хэмээсэн нь сайн, муугийн алинд ч бэлэн байгаагаа илэрхийлсэн хэрэг болов уу.
Хөөрхий Ерөнхий сайд маань өөртэй нь түгшүүр нэгт түүний мэдэгдлийг өлгөн авч “Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч, бодит ажил хэрэг боллоо. Та бүхэнд шинэ сэргэг, эерэг сайн мэдээ дуулгая. Олон улсын банкууд 4.2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор эцэслэн шийдвэрлэсэн байна.
Арванхоёрдугаар сарын 16-нд Улаанбаатар хотод албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлахаар товлолоо. Гүний уурхайн их ажил эргэн сэргэж, эрчтэй хөдөлсний эхний үр дүнд татварын орлого 70 сая ам.доллар буюу 140 шахам тэрбум төгрөг Төрийн сангийн дансанд шилжин орохоор боллоо. Нэг том төслийн эргэн сэргэлт бусад том төслүүдийг хөдөлгөөнд оруулж байна.
Их ажилтай байна, энд тэндгүй их бүтээн байгуулалт дахин эхэлнэ гэдэг нь эдийн засгийн сэргэлтэд хөтөлнө. Эдийн засаг сэргэнэ гэдэг нь эцсийн дүндээ монгол хүн ажилтай, авах цалинтай, монгол компаниуд олох ашигтай, Монгол Улс авах татвартай байхын эх үүсвэр, үндэс суурь билээ” хэмээв.
Ч.Сайханбилэг үгийнхээ төгсгөлд “Хоёр хөрш маань, бусад хөгжиж буй орнууд биднээс ялгаатай нь чухамхүү хэрэгтэй шийдвэрээ алдаж оносон ч гаргаж, алхаа цохиж чадаж байна. Алдаа, онооны дундуур улс үндэстнээрээ, эдийн засгаараа, амьдралын түвшнээрээ урагшилж байна.
Бид хэн шийдвэр гаргах, хэзээ шийдвэрээ гаргах, хэрхэн яаж гаргахаараа талцсаар, хэний ч олж чадаагүй байгаа, чадах ч үгүй төгс төгөлдрийн эрэлдээ төөрсөн хэвээр байсаар байна... Улс төрд хийрхэл багатай, урагшлах ажилд амжилт ихтэй, хамтдаа зүтгэцгээе” гэлээ. Тэр энэ үгээ алхтай хүнд, АН-ынхаа даргад зориулжээ.
Б.ЭНХЦЭЦЭГ